Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "энэ бол 44 их наяд төгрөгийн хулгай болсон" хэмээн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр мэдэгдэж байсан. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "40 их наяд биш 440 их наядын хулгай" хэмээн мэдээллэж байв. Иймд тус хоёр гишүүнийг гэрчээр оролцуулж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би хэвлэл мэдээлэлд явж буй тоо баримтуудыг дурдсан
Тэрбээр "Би хэвлэл мэдээлэлд явж буй тоо баримтуудыг дурдсан. Зарим нь 44 их наяд, зарим нь 440 их наяд гэж байна. Ийм зах замбраагүй тоо гарсан байна хэмээн ярьсан. Нэг их наяд төгрөг гэдэг бол 10 сая хонь. Ард түмэнд энэ ямар том хулгай вэ гэдгийг ойлгуулах гэж ярьсан. Тэрнээс биш 440 их наяд төгрөг гэдэг бол хэвлэл мэдээлэлд явж байсан дүн" гэв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: С.Ганбаатар гишүүнээс өмнө 440 их наядын хулгай хэмээн ярьсан хүн байхгүй байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Г.Ганболд гишүүний яриан дээр үндэслэн тооцоолол хийсэн
Тэрбээр "2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч, олон нийтийн өмнө мэдээлэл хийсэн байдаг. Тухайлбал, Тавантолгой ХК-д сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Эндээс завшиж байсан бүлэлэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцэрхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ мэдээллээс, мөн Г.Ганболд гишүүний яриан дээр үндэслэн тооцоолол хийсэн" гэв.
Д.Батчулуун