МАН-ын "шорвог хүсэл"-ийг хангаж чадах хүн нь Х.Нямбаатар байсан агаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "алсын хараа"-нд түүнээс өөр эрс шийдэмгий хүн буугаагүй тул Х.Нямбаатар дурандаа ч бус намынхаа даргын улстөрийн шийдвэрийг дагаж хот руу дуртай, дургүй ирсэн. Хотын захирагчийн үүрэгт ажлыг авмагцаа "давс мэт шорвог" шийдвэрийг гаргаж ажиллана гэдгээ ч ёслол төгөлдөр зарлаж байлаа.
Харин өдгөө нийслэлийн зам дээр цацаж буй давс "уусаад" байгаа тул иргэдийн амьдрал руу цацаж "гашуурал"-ын хүслээ тайлж байгаа бололтой. Тодруулбал өнгөрөгч ням гарагт (2023.12.17) эрс хүйтэрсэн болон томуу, томуу төст өвчин туйлын дэгдэмхий байна гэх элдэв асуудлыг бамбай мэт өмнөө барьж, ард нь сэлэм эргүүлж байна. Учир юу гэвээс, энэ хотын асуудал эрх баригчид, өндөр дээд албан тушаалтнуудаас ч хамааралтай бус эгэл ардын хүүхдүүд, иргэдээс л шууд хамааралтай болов. Үеийн үед нийтээрээ ухамсартай байх тухай ярьдаг ч тэд өөрсдөө үүргээ эс ухамсарласан хэвээр.
Хотын даргын мэдэгдэлд дурдсанаар бол хүйтний ам цааш эргэтэл буюу хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэд замын хөдөлгөөнд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих юм.
Эл шийдвэрийг гаргахад үнэн хэрэгтээ Сибирийн хүйтэн салхи, өвөл, шатахуун, амбиц зэрэг л хамгийн их нөлөөлөв бололтой. Түүний хэлсэнчлэн машинтайгаа зам дээр "мөлхөж" буй хүн бүр үүнд буруутай байж мэднэ.
Эсвэл түгжрэл бууруулах гээд хууль хүртэл санаачилж батлуулсан авч хэрэгжиж эхлэхээс нь өмнө сийрэг гудамж харах өрнүүн эрмэлзэлтэй гэх үү.
ЗГ, УИХ-ын алган дээр хөлбөрөх бүрэн эрхтэй анхны дарга болохоор "цочир шийдвэр" гаргах нь ч аргагүй биз.
Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд давхардсан тоогоор нийт 395-485 мянган тээврийн хэрэгсэл оролцсон гэх тооцооллыг өмнөх даргын үед танилцуулж, хичээлийн шинэ жил эхлэх үеэр мөн л дугаарын хязгаарлалттай зорчих шийдвэр гаргаж байв. Гэхдээ дулааны улиралд тул айхтар эсэргүүцэлтэй нүүр учраагүй.
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 2020 онд 610,191 байсан бол 2021 онд 662,644, 2022 онд 711,835, 2023 оны наймдугаар сарын байдлаар 685,092 болсон байдаг. Харин Х.Нямбаатар даргын хууль хэрэгжиж эхэлмэгц энэ тоо эрс буурна гэх.
Ингээд зогсохгүй, дугаарын хязгаарын бүсчлэлийг хоёр гүүр давуулан тултал татна. Тухайлбал, Сонсголонгийн уулзвараас Офицерийн ордон хүртэл зүүн баруун чиглэл, Зуун айлын хойд хэсэг буюу 32-ын тойргоос урагшаа Маршалын гүүрний хойд хэсэг хүртэл тэлэхээр төлөвлөжээ. Хэрвээ дугаарын хязгаарлалтыг зөрчвөл 20 мянган төгрөгөөр, дугаараа сольж зүүсэн тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг гурван сараар хасах хүртэлх арга хэмжээг авна. Иргэд 2800 гаруй замын цагдаагийн нүдэн дор хоёр гаруй сарыг өнгөрүүлнэ.
Эрх мэдэлтнүүд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг асуудал шийдэх нэрийдлээр ингэж боомилдог.
Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд "Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох..." зэрэг эрхтэй хэмээн заасан байдаг.
Гэтэл хувийн эд хөрөнгөө унаад, өдөр бүр нийслэлийнхээ замаар ажил, алба, үр хүүхэд, аав ээж рүү, амраг садан руугаа зорчих эрхээ хасуулж хориулж байна.
Түүнчлэн нийслэлд дахин газар олгохгүй хэмээсэн нь ч Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг мөн. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ ч бүрэн дүүрэн эдэлж чадахгүй, өөрсдөө бурууг үүрч, гэмтэн мэт амьдраад сурчихжээ.
Манай улсад анх удаа хүйтэрч буй мэт, ийм хүйтэнд бэлтгэлгүй байсан шийдвэрлэх албан тушаалтнуудад хориглохоос өөр гарц, шийдэл гэж үгүй.
Хөрсөн дээр -40 хэм давж хүйтэрч байгаа тул давс бус хайрга, дайрга хүртэл зам дээрээ цацаж, 21 дүгээр зууны монголчууд хөглөж байна.
Дүн өвлийн хүйтэнд автобус хүлээж хөлдөж үхэх нь гэдэгт эмзэглэсэн үү, хотын дарга Х.Нямбаатар "автобус хангалттай гарч байгаа, түгжрээд хугацаандаа очиж чадахгүй байгаа" гэх утгатай үгийг хэлж, ногоон автобусны булхайгаас шалтгаалаагүй хүчин зүйл хэмээн хаацайлав.
Хичээл, сургуулийн амралт эхлэх үеэр замын хөдөлгөөний ачаалал буурдаг гэдгийг хүн бүр мэднэ. Үүн дээр нэмээд дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулбал бүр ч буурна. Үүний цаана авсан автобусаа цан хүүрэг татуулан хотын гудмаар давхиж байгааг харах сонирхол байна уу гэж бодом.
Албан тушаалтнуудын шидсэн хайрга иргэдийн улаан нүүр рүү шигдэж, ачаа болж, давс мэт шорвог шийдвэр гэдэг нь коммунизм руу хөтөлж байна. Дулаан газрын индэр дээрээс шийдэмгий үг чулуудаж суухаар тэсгим хүйтэн жаварт хайруулан автобус хүлээж зогсоо иргэдийнхээ дунд ороод үз дээ, Х.Нямбаатар дарга аа.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)