УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулж, 10 гаруй гишүүнээс өргөн барьсан тус төсөл нь чихэрлэг ихтэй ундааны төрөлд онцгой албан татвар оногдуулах, улмаар таргалалт, чихрийн шижингээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой тул хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Чихэрлэг болон хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар оногдуулахыг байнгын хороо дэмжжээ. Ийн хэлэлцүүлэг үргэлжилж, ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төсөл ихээхэн ач холбогдолтойг онцолж, ерөнхий боловсролын сурагчдын 80.9 хувь нь долоо хоногт ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг нь халдварт бус өвчний шалтгаан болж байгаа гэсэн судалгааг дурдан хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэмжиж байгаагаа илэрхийлээд үйлдвэрлэгчид эмзэг хандах хэрэггүй, бүтээгдэхүүнийхээ агууламж дахь чихэрлэгийн хэмжээг багасгахад асуудал үүсэхгүй гэсэн юм. Шүд цооролт, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж буй хэрэг хэмээн үзэж дэмжиж өгөөрэй хэмээн гишүүдэд уриалав. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч чихэрлэг ундааны хэрэглээ өндөр, үүнээс улбаалан илүүдэл жинтэй хүн олширсон. Тиймээс ДЭМБ-ийн зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд 85 улс чихэрлэг ундаанд онцгой татвар оногдуулсан байдаг. Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй. Уг хуулийн төслийг дэмжиж байна. Та бүхэн бас дэмжихийг хүсье гэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ хуулийн төсөл хугацаа алдаж байгаа, долоон жилийн өмнө яригдаж байсан ч босго давж чадаагүйг сануулаад хүнсний аюулгүй байдлаас хамаарсан өвчлөл нэмэгдсэн энэ цаг үед ач холбогдолтой төсөл тул дэмжих хэрэгтэй гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, хуулийн төсөл санаачлагчдын нэг болохын хувьд шинэ жилийн баярын бэлэгт чихэрлэг зүйл сонгохгүй байхыг, эрхэм гишүүдэд хуулийн төслийг дэмжихийг уриалав. Биеийн тамир, спорт, эрүүл мэндтэй холбоо хууль эрх зүйн зохицуулалтыг дэмжих ёстой, дэлхий нийтийн жишиг загварыг хайхрахгүй орхиж ирснийг засаж залруулах, стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ. Бүтээгдэхүүний үнийн онцгой татварын хэмжээг хувиар тооцон, ундаанаас бусад төрлийн чихэрлэг бүтээгдэхүүнд оногдуулах татварын хэмжээг анхаарсан эсэхийг УИХ-ын гишүүн Г.Ганболд асуув. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүүхэд насанд чихэр, давсын хэрэглээг бага байлгах нь чухлыг онцлоод чихэр нь хавдрыг өдөөж өсгөдөг бөгөөд үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байж магадгүй тул хуулийн төслийг гишүүд дэмжинэ байх гэсэн юм. Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргасны дараа дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг Төсвийн байнгын хороонд даалгав.
Сэтгэгдэл (1)