УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт асуултад хариуллаа.
Тэрбээр "Хүн болгонд зорчих хэрэгцээ бий. Тээвэр хийх хэрэгцээ бий. Замд дагаж хөгжил ирдэг учраас энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Дорнодын Тамын-50 гэх замыг та бүхэн мэдэж байгаа байх. Барьж идчих гээд л. Хүн бүр тэнд очиж утсаараа шууд дамжуулдаг.
Од болъё, тод болъё гэх л юм бол очоод "замаа засаач" гэдэг. Өмнөговь, Дундговийн замын нөхцөл байдлыг шууд дамжуулахаар ард түмэн алгаа ташаад хүлээж авдаг. Учир нь тухайн замыг өөрчлүүлэх нийгмийн хүсэл байна шүү дээ. Ийм л замуудаа засъя гэж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улс тээвэр логистикийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад 127-аас 92-р байр руу орж урагшилсан Дэлхийн банкны үнэлгээ гарсан. Мөн Тамын 50 гэх замд 20 сая доллар зарцуулна.
Ээлжит болон их засварт зайлшгүй мөнгө тавьж байх хэрэгтэй юм билээ. Бид нар нэг зам бариад л хаячихдаг. Өвөлд нь халтиргаа гулгаатай үед, зунд нь хагархай цоорхойгоо нөхөх гэж жаахан мөнгө тавьсаар ирсэн. Ээлжит болон их засварт нийт 2 их наядыг тавьж байж, стандартын шаардлагад нийцсэн замтай болно. Гэтэл 20, 30 жил зам барьсан мөртлөө зам засаж үзээгүй. Анх удаа бид 360 орчим тэрбум төгрөгөөр зам засах гэж байна" гэв.
М.Дэвээ