УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд чихэрлэг ус, ундаанд онцгой албан татвар тогтоохоор тусгасан бөгөөд 100 мл-т агуулагдах сахарын хэмжээ 5 граммаас дээш бол 500 төгрөгийн татвар ногдуулахаар тусгажээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийн талаарх танилцуулгадаа "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй болов ч энэ нь эрүүл мэндийн тухай хууль гэдгийг тодотгоод уг хуулийн төсөл Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт үүсэх томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн. Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа зүрх, судасны өвчлөл, таргалалт, эрүүл бус хүнс, ундаа нь хүүхдийн илүүдэл жин, шүдний өвчнийг даамжруулж нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Олон улс энэхүү тулгамдсан асуудлаа чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах замаар шийдэж байна" гэв.
Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.