Хянан шалгах түр хорооны "Нүүрсний хэрэг"-ийн сонсголд оролцох хүмүүсийн нэрсийг өнгөрөгч нэг дэх өдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан билээ.
Нүүрсний сонсголын эхний үе шатны хоёр дахь өдөр орон нутгийн Тавантолгой ХК-ийн нүүрс рүү гараа гүн дүрээгүй хүчин "МАН" болох шинжтэй байсан бол хоёр дахь шатны сонсголд МАН-ын баруун, зүүн гарууд гэрчээр дуудагдлаа.
Харин Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2020 оны нэгдүгээр сарын 8-ний өдөр, "Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн А багц" хэмээн 799,369,376,906 төгрөгийг шинэчлэн баталсан байдаг. Ингээд 4 удаагийн тендер шалгаруулалт зэргийг давсан "Тавантолгой оператор түншлэл"-ийг танилцуулах үеэр, Р.Батхишиг, Б.Даваадулам нарын 50, 50 хувь нийлүүлсэн компани Эрдэс майнинг оператор ХХК-ийг дурдсан юм.
Эл компанийг байгуулагч Р.Батхишиг нь Зандаахүүгийн Хишигтогтохтой "Эм Жэй ТИ" ХХК-ийг байгуулсан нэгдмэл сонирхолтой этгээд гэж нэрлэгдсэн. Хишигтогтохын ах З.Энхболд нь тухайн үед ЕТГ-ын дарга байсан гэдгийг ХЗДХ-ийн сайд цохон тэмдэглэж байв.
Гэвч түүнийг нүүрсний сонсголд гэрчээр дуудсангүй. ЭТТ-н гүйцэтгэх захирал шиг хоригдчихоогүй атал юунд хэлтрүүлэв. Түүнчлэн З.Энхболдыг нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан шалгасаар буй гэх. Түүний өмгөөлчлөгч үйлчлүүлэгчээ тус хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг хэвлэлээр ярьж, өмгөөлж байв.
Үүгээр зогсохгүй, ЕТГ-ын даргын албан тушаалыг улс төрд ямар ч нөлөөгүй албан тушаал гэсэн байдаг. Энхболдын даргалж ахуй цаг үе, улстөрийн карьер "үл үзэгдэл" болж хувирах нь.
АТГ-аас жилийн өмнө 17 хүнийг цохон дурдаж байсан ч, Б.Ганхуяг Т.Аюурсайхан хоёроос бусад нь туйлын чимээ имээгүй байна. Бүхэл бүтэн нэг жил. Зарим нь ч ирэх сонгуулийн өгөөшөө бэлдэж суугаа нь дамжиггүй.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)