Герман улстай авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг байгуулахаар болжээ. Тодруулбал 2024 оны нэгдүгээр сард багтаан “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Элчин сайд Хэльмут Кулитц нар өчигдөр/2023.12.11/ уулзах үеэрээ тохирчээ.
Сайд нар Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулж ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай, Франкфурт, Мюнхен, Берлин гэсэн гурван хот руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар санал солилцов.
Авто замаар ачаа тээвэрлэх, агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулснаар худалдаа, аялал жуулчлал, тээврийн харилцаа өргөжих эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Монгол Улс ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай, хоёр талын худалдааны эргэлт 202.2 сая ам.доллар байна.
Эх сурвалж: ЗТХЯ