УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар танилцуулав. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
"Сонгуулийн хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын хуваарилалт, сонгуулийн тов тогтоох асуудлыг хэлэлцэн батлах учиртай.
2024 оны сонгуулийн тойргийг бүлгийн хурлаар хэлэлцсэн. Улс орны хөгжлийг бодсон, хувь нэмэр болсон тогтолцоо хэрэгтэй байна гэж үзэж буй.
Сонгууль тойрсон мөнгө, нутаг усны нөлөөллийг үгүй болгох шаардлагатай. Тиймээс сонгуулийн тойргийг бүсчилж тогтоох нь зөв гэж үзэж байна. Монгол Улс баруун, зүүн, хангайн, говийн, төвийн гэсэн таван бүстэй. Гэхдээ сонгуулийн тойргийг энэ бүсээр тогтоох уу, эсвэл жижигсгэх үү гэдгийг бусад намтай хэлэлцсний үндсэн дээр шийднэ.
Таван бүсэд хуваана гэхээр сурталчилгааны 15 хоногтой тул арай томдоно гэдэг саналыг хэлж байна. Одоо ярьж байгаагаар орон нутагт 7, хотод 4-5 тойрог байж болно гэж байна. Явцын дунд өөрчлөгдөх байх.
Газар нутаг, засаг захиргааны нэгжээс хамаарч мандатын тоог хуваарилна. Баян-Өлгий аймгийнхан үндэсний цөөнх учраас хөндөхгүй байх чиглэлтэй байна. Бусад аймаг, орон нутгийн тойргийг нэгтгэж, нийлүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (2)