УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өгөв. Энэ үеэр УИХ-ын гишүүн шатахуун болон өвөлжилтийн асуудлаар Ц.Туваан үг хэлэв.
Тэрбээр "Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ гэж монголчууд ярьдаг. Эрх баригчид УУХҮ-ийн яамны шийдвэрийг хараад суусны үр дүнд хүнд байдалд орчихлоо. Энэ асуудлыг хоёр сар гаруйн өмнө хүндрэлтэй боллоо шүү гэдгийг бидний зүгээс хэлж байсан. Хүйтний ам наашиллаа, хөхүүрийн ам цаашиллаа гэж зөндөө хэлсэн. Өнөөдөр яг янзаараа. Сайдын тайлбар, үг бүгд адилхан. Өнөө өглөө та нар шийдэл сонсов уу? Улаанбаатар хотод 5 цаг дугаарласны дүнд АИ92 биш АИ95-ыг аваад салж байна.
Хөдөө орон нутагт бол бүр хүнд байгаа. Ард түмэн эрх баригчид шиг үнэтэй АИ95 хийдэггүй, авч үзээ ч үгүй. Зуд турьхан болж байгаа аймгуудад малаа алдцгаасан, идэшээ ч гаргаж чадаагүй, өвөлжөөндөө бууж чадаагүй айл байгааг ч үгүйсгэхгүй. Малынхаа араас явж чадахгүй байна. Төөрөг нь мэдэг гээд даалгаад орхиж байна. Хүмүүс малчдыг баян чинээлэг, боломжтой л гэдэг. Гэвч амьдрал дээр чадалтай нь малаа нядалж, чадалгүй нь тэнгэрт даатгачхаад санаа зовоод байж байгаа.
Зарим компаниуд зудтай газруудад тусалъя гээд хөдөлгөөн өрнүүлж байгаа ч тийшээ явах түлштэй машин алга. Эрх баригчдын бодлого хаана байна аа?
Одоо бүр бодож байна. Шатахуунаар боомилж байгаад түгжрэлээ шийдчихье гэж бодож байгаа юм биш байгаа биз. Агаарын бохирдол яриад л байсан. Ийм хардлага байна.
Бүлгийн хурал дээр хурцаар яригдлаа. Хоёр гурван хоногтоо хэвийн болгоно л гэнэ. Үнэмшихгүй байна. 1, 2 сарын өмнө л ярьж байсан.
Ард иргэдийг шалгадаг үйл явц руу ахиад л орох гэж байна. Иргэн 1 тонн шатахуун ачаад явж байвал дамлах гэсэн хэрэгт ороод шалгагдах юм байна л даа. Муу л бол АН-руу чихдэг байсан. Одоо ард иргэд рүү чихэж байна. Монгол Улс 60 гаруй сая тонн нүүрс экспортолсноос болж түлшний хомсдолд орлоо гэнэ. Энэ асуудлыг хариуцсан газар ь тооцоо судалгаа байдаггүй юм уу. Шийдэл гэдэг зүйл дээр олон асуултын тэмдэгтэй үлдлээ" гэв.
М.Дэвээ