Шатахуун түгээх станцуудыг дамжиж, хэдэн цаг дараалалд зогссон иргэд худал яриад байна уу, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон УИХ-ын дарга Г.Занданшатар худлаа яриад байна уу?
Дизель түлш, бензиний хомстолд хот, хөдөөгүй "балбуулж", малчид өвөлжөө рүүгээ нүүж ч чадахгүй намаржаандаа хавсарга салхинд нүдүүлж суусан нь саяхан.
Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 22-нд Баянхонгор аймагтаа хийсэн уулзалтынхаа үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин "манай улсыг шатахууны хоригт оруулахгүй гэсэн" гэж итгэлтэйн аргагүй мэдэгдэж байлаа.
Тодруулбал, “ОХУ-аас дотоодын зах зээлийнхээ хангамжийг тогтворжуулах зорилгоор авто бензин, дизел түлшээ гадаадад экспортлоыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргасан. Гэхдээ Монгол Улсад бензин, дизел түлш дутагдах эрсдэлд орохгүй биз дээ гээд ярилцлаа. Айлчлалын бэлтгэл ажлыг хангах комиссын хамтын ажиллагааны шугамаар энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсыг энэ тушаал шийдвэртээ хамруулахгүй болсныг мэдэгдье. Ийм учраас Монгол Улсад бензин, дизель түлш тасрахгүй” гэсэн гэх утга бүхий зүйлийг хэлсэн юм.
Гэвч өнөөдрийн нөхцөл байдлыг харвал парламентын дарга нь ОХУ-ын талд "тархидуулж", даргадаа монголын ард түмэн "тархидуулсан" болж таарав.
Хэрэг дээрээ, ОХУ-ын хоригийн жагсаалтад багтсан Монгол Улс шатахуунаа БНХАУ-аас "гуйхаас өөр аргагүй" байгаа талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр мэдэгдэлдээ дурдлаа. ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг чухам ойлгож байгаа бололтой. Манай улсын иргэд өөрсдөө шатахууны нөөц доголдон тасрахад нөлөөлж байгаа гэх битүү утгат үг чулуудаад амжих юм.
Шийдвэр гаргах түвшний, тэр дундаа төрийн гурван өндөрлөгийн нэг нь чулуу хөөж, хөөсөн замаараа иргэдийн тархийг угааж болно гэж үү.
ОХУ-ын Төрийн Думын дарга руу горьдлого тээж утсаар яриад, горьдлогоо тасраагүйд баярлан мэдэгдэл хийж байсан нь хоригийн хугацаатай зөрүүгүй шахам таарсан байдаг.
Шатахуун тасрахгүй, хангалттай нөөц бий гэсэн боловч 22 хоногийн нөөц нь хоёр гуравхан хоногт дугаарлуулах хэмжээнд хүрсэн нь бас л хариуцсан этгээдүүдийн буруу бус болж, машин унасан иргэдийн буруу боллоо.
Энэ нөхцөл байдлаас арав ч хүрэхгүй хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас вагон, вагон шатахуун орж ирж буй "дөрөв хоногтоо" гэх мэт зүйлийг мөн л дурдсан. Гэвч орж ирэх нь байтугай, төмөр замын ачааллаас болоод тэндээ тэг зогссон юм байх.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)