Хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна.
Элгэн ХХК-тай холбоотой шинжээчийн дүгнэлтэд төслийн гүйцэтгэгчийн диплом "бүдэг" байгаа тул гэх утга бүхий тайлбар хийснийг УИХ-ын гишүүн Г.Ганболд шүүмжлэв.
Тэрбээр, "Энэ компаниудын хийсэн ажил хууль зөрчсөн эсэхийг харж буй учраас тодруулж магадлах бүрэн эрх нь та нарт байгаа. Тиймээс УИХ-ын сонсголд хүндэтгэлтэй хандаж ийм дүгнэлт гаргахгүй байхыг дахин дахин хүсэж байна. Энэ нь Эрдэнэс Тавантолгой ХК болон оролцсон, гүйцэтгэгч компаниудын нэр хүндтэй холбоотой асуудал. Үүн дээр хөнгөн хуумгай дүгнэлт гаргаж болохгүй гэдгийг анхааруулъя" гэв.
ЭТТ-ын уул уурхайн хэлтсийн дарга асан н.Анхбаяр: "Манай ЭТТ уурхай зургаан газартай. Тус бүрдээ худалдан авалт, уул уурхай, санхүү эдийн засгийн газар гэх зэрэг нэгжтэй. Тус газруудаар тендерт шалгарсан гэрээнүүд компанийн журмын дагуу тойрдог, тойрохдоо хэлтэс, нэгж болгон өөр өөрийн хамааралтай. Шалгах ёстой зүйлээ шалгадаг. Худалдан авалттай холбогдох хүн ирээгүй байна. 2016-2019 оны тендерт бүрдэл материал алга байна гэж шинжээч хэллээ. Би 2019 онд үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тухайн үеийн тендерийг багцаалж санаж байна. Энэ тендертэй холбоотойгоор АТГ-т шалгагдсан.
АТГ асуусан асуулт болон шинжээчийн яриа хоорондоо зөрж байна. Албаар нэг асуудал гаргаж ирэх гээд үзээд байна гэж харж байна.
АТГ-т "мэргэшсэн инженергүй" шалгаруулсан байна гэх асуудлаар шалгасан. Хурлын протокол зэргийг АТГ-ын байцаагчид өгч байсан.
Өнөөдөр гэтэл диплом бүдэг байна гэх мэт сэжүүр хайгаад буй мэтээр ярьж байна. Тухайн үед 19 сая тонн нүүрс олборлож, 16 сая тонныг зарсан. Үнэлгээний хорооны гишүүдийн ярьсан зүйлийг харахаар урьдаар 1,2 хоногт шинжилсэн зүйлээ яриад байх нь бидэнд тиймхэн байна" гэлээ.
М.Дэвээ