Ардчиллын төлөөх таван нам нэгдэн АН-ыг байгуулсан түүхэн өдрийн 23 жилийн ой өчигдөр тохиолоо. Тухайн үеийн Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, хожим АН-ыг удирдахдаа намаа 6 удаа ялалтад хөтөлж байсан одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ өдрийг тохиолдуулан өөрийн цахим хуудсаар намынхандаа хэлсэн үгээс онцлох ТАВАН ЭШЛЭЛ-ийг хүргэе.
ЭШЛЭЛ 1
Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 онд манай улс анх удаа олон намтай болсон. Эдгээр намууд ардчиллыг тогтоох нэгэн зорилготой байсан. Ийм нэгэн зорилготой намууд нэгдэн нийлэх процесс олон жил үргэлжилсний эцэст 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх таван нам нэгдэн одоогийн АН-ыг байгуулж байлаа. Ийм түүхтэй ардчилал зөвхөн АН-ын өмч биш ээ. 1990 онд монголчууд эх орондоо эрх чөлөөтэй амьдардаг болохын тулд Сүхбаатарын талбай дээрээ жагсаж тэмцэж олж авсан ардчилал шүү.
ЭШЛЭЛ 2
АН Ардын намтай шударгаар өрсөлддөг нам байв. Гэтэл сүүлийн үед АН-ыг тоглоомын нам, дагуул нам болгох, толгойн цөөхөн хүнээр нь тоглох ажиллагаа хийгдсээр байна. Гэсэн хэдий ч ахуй амьдралаараа дэнчин тавьсан энэ эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж байгаа манай намын аймаг, сум, дүүрэг, баг, хорооны бүх гишүүн үнэт зүйлийнхээ төлөө тууштай байгаа. Хүнд хэцүү байсан ч үнэт зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж байгаа намынхаа гишүүдэд баяр хүргэе.
ЭШЛЭЛ 3
Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 33 жилийн хугацаанд ардчиллынхан цөөхөн хугацаанд ч болов Засгийн эрхийг барьсан. Хэдий ийм бага хугацаанд Засгийн эрх барьсан ч Монголдоо яавал сайхан амьдрах юм, яавал Монгол Улс маань улс шиг хөгжих юм, бүтээн байгуулалтыг яаж хийх юм гэдэг дээр хэлэх үгтэй, хийсэн ажилтай шүү манай ардчиллынхан. Монголдоо хүн шиг амьдарч, улсаа улс шиг хөгжүүлчих юмсан гэсэн бодол үргэлж тээж явдаг бид хамтарч зүтгэж иргэдийнхээ ахуй амьжиргааг заавал дээшлүүлэх шаардлага өнөөдөр тулгарч байна.
ЭШЛЭЛ 4
Монгол Улс өнөөдөр үнийн өсөлтөд дарлуулсан, иргэдийн ахуй амьжиргаа маш их уруудаж доройтсон, ядуурал газар авсан, шударга бус байдал хэрээс хэтэрсэн, хулгай дээрэм нүүрлэсэн ийм л айл болж хувирлаа. Ийм цаг үед АН үхээнц дорой, туйлбаргүй, хэн нэгний аяыг харсан, даган баяссан байдалтай байж болохгүй ээ.
ЭШЛЭЛ 5
АН-ын мянга мянган гишүүн, ардчилсан Монгол Улсынхаа төлөө цохилдог зүрхтэй хэн бүхэн нийлж нэгдэж энэ байдлыг өөрчлөхийн тулд ажиллах шаардлагатай цаг үе тулгараад байна. Бид өнөөдөр ард түмнийхээ талд байх хэрэгтэй байна. Үг хэлэх эрх эрх чөлөөний төлөө, хүмүүсийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө, Монголдоо хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн төлөө илүү нэгдэн нягтрах шаардлага бидний өмнө тулгарсан байна. Ардчиллын төлөөх намууд нэгдсэн өдөр бол өнөөдрийн хулгай нүүрлэсэн, иргэдийн амьжиргаа нь уруудан доройтсон нийгмийг өөрчлөхийн тулд бид юу хийх билээ гэж эргэн санах, тунгаан бодох тийм өдөр юм шүү.
Сэтгэгдэл (5)