Нүүрсний сонсголын хүрээнд 178 гэрч дуудсаны дотор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр байсан. Гэвч түүнд мэдэгдэл ирээгүй тул нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ ар гэрийнхнээрээ дамжуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүлжээ. Харин түр хорооны гэрчээр дуудсан тогтоолд "боломжгүй" гэх хариуг хуулийн байгууллагаас ирүүлжээ.
Нүүрсний сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуултаа Б.Ганхуягаас асууж, хариулт авах хүсэлтэй байна хэмээн даргалагчид мэдэгдэв. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Түр хорооны тогтоолыг хууль хяналтын байгууллагад явуулсан. Б.Ганхуяг нь шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Монгол Улсын хуульд зааснаар шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ.
Шүүн таслах үйл ажиллагаанд хэнбугай ч хөндлөнгөөс оролцох нь хориотой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх УИХ, ЗГ-т байхгүй. Шүүхийн шийдвэрийг шүүх л хүчингүй болгоно. Тийм ч учраас ХЗДХ-ийн сайд, ЗГ-ын гишүүний хувьд ч, түр хорооны даргын хувьд ч Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас авч ирэх боломжгүй.
Энэ тохиолдолд Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэрийг өөрчилсэн гэх үр дагавар яригдах нөхцөл байдалтай байгаа юм. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ нь гэмт хэрэг. Энэ асуудлаар ар гэр нь өчигдөр зурвас бичсэн. Ганхуягийг хордуулсан байна, гарга гэдэг хүсэлтийг байнга өгдөг. Ноцтой асуудлаар хандсан учраас эрүүгийн цагдаагийн байгууллагад чиглэл өгөн шалгуулж байна. Шалгалтын үр дүн гармагц нээлттэй мэдээлнэ.
Тэгвэл Б.Ганхуягийг гэрчээр дуудсан түр хорооны тогтоолыг С.Ганбаатар та аваад ажлын албаныхантай хамт шүүх дээр очиж, түүнийг авч ирэх асуудлыг биечилж хариуцахыг хүсье" гэв.
М.Дэвээ