Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсох юм. Өнөөдрийн сонсголд нийт 87 гэрчийг дууджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.
Шинжээчийн дүгнэлтэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК 68.3 мянган га газар бүхий найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2011 онд Тавантолгой ордыг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзсэн. 2018 онд нэгтгэл нөөц гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү цэвэр нөөцийг 6.3 тэрбумаар тогтоосон байна. 2023 оны есдүгээр сарын байдлаар тус компани 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байна. Энэ хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн 2.5 их наядыг татварт төлж, 10.4 их надын худалдан авалтын гэрээ байгуулсан байна" гэв.