УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн танилцуулга, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн танилцуулга, нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөлийн тухай хуулийн дагуу ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагааг үе шаттайгаар хоёр удаа зохион байгуулав. Ес дэх буюу үлдсэн нэг гишүүнийг томилсноор Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн бүрдэж, ажилдаа орох юм. Ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-нд Төрийн ордонд хуралдаж, сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд тэнцсэн гурван нэр дэвшигчийн материалтай танилцаж, нууц санал хураалт явуулахад, хамгийн олон саналыг Доржсүрэнгийн Дуламсүрэн авсан тул нэрийг нь дэвшүүлэхээр болсныг онцлов. Ажлын хэсгийн танилцуулга болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гарсангүй.
Байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр нэр дэвшигч Д.Дуламсүрэнг сонгох эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив. Уг санал дэмжигдсэн тул Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.