Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 168 гэрчийг дууджээ. Үүнээс газар олголт сэдвийн хүрээнд 39 гэрчийг дуудсан байна.
Сонсголын эхэнд нүүрсний орд газрын газар олголттой холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсож, уг асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.
Үүний дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэрчээс асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улсад нэг л хууль дүрэм үйлчлэх ёстой. БНХАУ, БНХГУ, Турк зэрэг улсуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудад нэлээд том га газруудыг эзэмшүүлэхээр өгсөн байна. Энэ бол маш том төрийн бодлогоор зохицуулагдах ёстой зүйл. Гэтэл нэг сумын засаг даргын гарын үсэгтэй явчихсан байна. Таныг эдгээр шийдвэрийг гаргахад нөлөөлөл байсан уу" гэв.
Түүний асуултад Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт хариулт өглөө.
Тэрбээр "Нөлөөлөл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид огт олгоогүй. Ашиглалтаар газар олгохгүй явж байгаа" гэв.
Д.Батчулуун