Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 168 гэрчийг дууджээ. Үүнээс газар олголт сэдвийн хүрээнд 39 гэрчийг дуудсан байна.
Сонсголын эхэнд нүүрсний орд газрын газар олголттой холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсож, уг асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.
Үүний дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гэрчээс асуулт асуулаа.
Тэрбээр "Өмнөговь аймгийн газрыг гадаадын иргэдэд эзэмшүүлэх захирамжид та гарын үсэг зурсан байна. Таны гарын үсэг мөн үү? Үндсэн хуулинд гадаадын иргэдэд газар эмшүүлнэ гэсэн заалт байдаг юм уу" гэв.
Түүний асуултад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт хариулт өглөө.
Тэрбээр "Захирамж дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн. Гадаадын ААН-д газар эзэмшүүлсэн байна хэмээн 40 ААН-ын нэр дурдаж байна. Би газар олгоогүй. Тухайн үеийн Засаг дарга нар газар олгоогүй байх гэж бодож байгаа. Хятадууд газрын аваад байгаа учир орон нутгийн Монгол хүнд газрыг олгох бодлого чиглэлийн хүрээнд дуудлага худалдааны үнэ хэлүүлж олгож ирсэн гэж ойлгодог. Би энэ зарчмын дагуу л олгосон. Газрын мэдээллийг харахаар дандаа Монгол хүний нэр дээр байж байдаг. Бид гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ганц ч газар олгоогүй. Эзэмшигчээр монгол компаниуд бий" гэв.
Д.Батчулуун