Ардчилсан намын жендерийн бодлогын форум болж байна. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр үг хэллээ.
Тэрбээр, "Арванхоёрдугаар сар бол эрх чөлөөний тэмцэлд дууддаг онцгой сар. 1990 оны ардчиллын төлөөх тэмцэл арванхоёрдугаар сард ид хүчээ авч байсан.
23 жилийн өмнө Ардчилсан нам эмэгтэй хүнээр гал тогоогоо бариулж байсан. Ардчилсан нам бол эмэгтэйчүүдийг гаднаас хайдаг улс төрийн хүчин биш. Ардчиллынхан бол 20, 30 жил мөнчгөрөөрөө явсан удирдагч эмэгтэйчүүдтэй улс төрийн нам юм. Тэд монгол төрийн бодлогын шинэчлэлд өөрсдийн оюун санаагаар түүчээлэн оролцож байсан. Буу халахаа улс төр гэж ойлгодог хүн тэр үед байгаагүй.
Боддог, уншдаг, уншсанаа илэрхийлдэг, уншсанаа сийрүүлдэг тийм лидерүүд залуу үеэ бэлдэж байгаа. Тэдний залгамж 1980-аад оны залуу удирдагч Б.Жаргаландаа амжилт хүсье. Ард түмэнд гайхуулах эмэгтэйг бид хайж явахгүй. Та бүхэн өөрсдөө гэдэгт итгэлтэй байгаарай. Бусад нам бол хайж байгаа, бид бол хайхгүй.
Хамгийн гол нь өнөөдөр найман жил эрх барьсан засаглал ямар үр дагавар авч ирэв ээ? Баян ядуугийн ялгаа хамгийн дээд цэгт яаж хүрдгийг бид харж байна. Дэлгүүрээс талх хувааж аваад сууж байна. Махаа худалдаж авч чадахаа больж байна. Ээжүүдийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Архидалт хавтгайрсан. Найман жилийн үр дүнд хар тамхигчдаар дүүрлээ. Мансуурагчид олон боллоо. 461-р хорих ангид хоригдож байгаагийн хэд нь хар тамхины хэргээр суусан байна очоод хараарай.
Энэ нийгмийн золиос бидний ирээдүй болдог юм байна. Бид ирээдүйгээ алдаж байна. Ардчилсан намыг авслахыг эрх баригчид оролдож байгаа. Бидэнд гоншигнохгүй байх сэтгэлийг хат бий.
Ардчилсан эмэгтэйчүүд сэтгэл зүрхээрээ энэ нийгмийн асуудал руу орно, ороосой гэж хүсэж байна. Ном уншдаг ард түмэнтэй, эмэгтэйчүүд рүү хандсан бодлоготой улс орон байхын төлөө гарч ирмээр байна.
Монгол хүн хэзээ уужуу ухаантай болох юм бэ, монгол айлууд тогоогоо тойрч суугаад аз жаргалтай оройг угтдаг өдөр хэзээ ирэх юм бэ? Боловсролыг зөвхөн багш руу чихдэг асуудлыг хэзээ үгүй хийх вэ?
Монголын нийгмийн хамгийн эмзэг асуудлыг шийдэхийн төлөө ардчилсан эмэгтэйчүүд минь улайран тэмцээч.
Өдөр бүрийн хэрүүл уруултай орооцолдвол бидний нас хүрэхгүй. Өдөр болгон хийж байгаа хулгайг үгүй хийхийн тулд бүгдээрээ тагнуулч болоод ч барахгүй. Биднийг энд хурал хийгээд сууж байхад МАН-ынхан тэрбум, тэрбумаар нь хулгайлаад сууж байгаа. Бид монголыг босгож ирэхийн төлөө явах ёстой. Ардчилсан эмэгтэйчүүд хэзээ ч дарга болохын төлөө явж байгаагүй, хэзээ ч цүнх баригч болохын төлөө явж байгаагүй. Сайхан өдрүүд наашилна, наашлах болтугай гэж би хүсэж байна. 2024 онд тэр ирээдүй ирэх болтугай. 2024 онд цэнхэр дээлтэй бүсгүйчүүдээр гоёосой, бахархал болоосой, ирээдүйг авч ирээсэй гэж хүсэж байна" гэлээ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)