Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны шийдвэр, автобусны тендер зарлах ажлын талаар сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийтийн тээвэр хомсдолтой байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааны газраас зарласан автобусны тендер амжилттай явагдсан. Энэ долоо хоногт шүүхийн байгууллага, ШӨХТГ-аас гомдол, санал гаргахгүй бол баталгаажуулж, ирэх даваа гарагт тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаад автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт түгжрэлийг бууруулж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрдэмтэн мэргэжилтнүүд болон төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл ээлжит тавдугаар хурлыг зохион байгуулсан.
Түгжрэлийг бууруулах ойрын гол зорилго нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зүй зохистой зохицуулах явдал хэмээн харж байгаа.
Бид Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон түүний харьяа агентлагууд болох Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн газартай хамтран ажиллаж байгаа" гэв.