Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 22 гэрчийг дуудсанаас мэдэгдэх хуудас хүлээн авсан нь 17, холбогдож чадаагүй 5 гэрч байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гэрчээс асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "51 хувийг төлөөлөх хүнийг та засаг дарга байх үедээ санал болгож байсан уу? Өмнөговийн 51 хувийн төлөөллийг 2019 оноос хойш алдчихаад явж байгаа. " гэв.
Түүний асуултад Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа хариуллаа.
Тэрбээр "Би 2008-2009 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанд ийм санал оруулж байснаа санахгүй байна. Тухайн үеийн протуколд юу байдаг юм бол. Итгэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчид шийдвэр гаргахдаа заавал Засаг даргын саналыг авч энэ шийдвэрийг гаргана гэсэн зүйл байхгүй" гэв.
Мөн уг асуултад гэрч Х.Сугир дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Гурван жил ТУЗ-ын даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллахдаа өөрийн компани, өөртөө ашигтай байдлаар ажилласан. Ингэхдээ нүүрсийг 25 ам.доллараар борлуулсан. 2011 онд ажлаа өгөхийн өмнөхөн 37 ам.доллар болгосон. Д.Бат-Эрдэнэ өөрөө 20 гаруй хувь эзэмшдэг байж, яагаад нүүрсний үнийг нь өсгөдөггүй юм бэ гэж бодож байгаа байх. Тэр зөвхөн “Тавантолгой транс” компанийн төлөө л ажилласан" гэв.
Д.Батчулуун