Манай тусгай сурвалжлагч С.Ононтуул АНЭУ-ын Дубай хотоос мэдээлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хурал Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо үргэлжилж байна.
Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх Бага хурлаар:
1. Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн цогц үнэлгээ хийх,
2. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг ахиулах, хүлээсэн үүрэг амлалтуудыг шинэчлэн тодорхойлох,
3. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, саармагжуулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх,
4. Улс орнуудын орны эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтцэд учруулж буй алдагдал, хохиролыг тодорхойлох тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх,
5. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг хэлэлцэх,
6. Байгальд түшиглэсэн шийдлүүдийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэсвэртэй байдалд чиглэсэн дэд бүтэц, нийгмийн төлөвлөлтийн арга хэмжээнүүдийн талаар ярилцах,
7. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нийгмийн бүлгүүдийг тэгш боломж, амьдрах эрх, орчноор хангах шилжилтийн талаар хэлэлцэх,
8. Улс орнууд технологийн хөгжүүлэлтийн талаарх туршлагаасаа хуваалцана. Мөн технологийн хөгжүүлэлт хийхэд чухал ач холбогдолтой зохион байгуулалт, мэдээлэл солилцох эх үүсвэрүүдийг өргөжүүлэх талаар ярилцах,
9. Оролцогч бүх талын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
10. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс боловсруулан илтгэлүүдийн талаар хэлэлцэх юм.
СОР-28 бага хурлын даргалж буй Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох, “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар цогц үнэлгээ хийх зэрэг асуудалд ач холбогдол өгч байгаа юм.