Засгийн газрын ээлжилт хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанид анх 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг зургаан сарын хугацаанд БЭТ-өөр томилон ажиллуулсан. Томилгооны хугацааг зургаан сараар сунгасан нь энэ оны аравдугаар сарын 26-нд дууссан. Холбогдох хуулийн дагуу нэг сарын хугацааны дараа дахин БЭТ-ийг дахин томилж байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-д (ЭТТ) бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) нь Засгийн газрын 362, 385 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажилласан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нүүрсийг биржээр борлуулах ажлыг зохион байгуулж, нүүрсний борлуулалтыг сайжруулсан. Түүнчлэн 2023 онд Эрдэнэс Монголын харьяанд ажиллаж байгаа компаниудын ашиг сайжирсан дүгнэлт гарсан.
Онцгой дэглэм тогтоосноос хойш 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.
Онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгасан шалтгаан нь биржээр борлуулж байгааг тогтмолжуулах, засаглалын тогтвортой байдал, хараат бусаар ажиллах боломжийг бүрэн бүрдүүлэх зэрэг болно.
БЭТ томилсноор хууль зөрчсөн байж болзошгүй асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 сая тонн нүүрсийг экспортод гаргахаар төлөвлөсөн. Цаашлаад үүнийг худалдан авч байгаа Хятадын талын компаниудтай яриа хэлэлцээр хийж энэ хэмжээг 80 сая тонн хүргэх боломжтой гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна" гэв.
М.Жаргал