УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Д.Энхбатыг томилуулахаар санал болгож, ТББХ дэмжсэн юм.
Улмаар өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, албан ёсоор томиллоо.
Д.Энхбат нь 1997 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж буй.
Тэрбээр төрийн албанд 15 жил, үүнээс 11 жилд нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч аж.
Сэтгэгдэл (4)