УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн асуултад хариулав.
Тэрбээр "Засгийн газар болон Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгч буй мэдээллээр шатахууны хангамж, нийлүүлэлт харьцангуй сайн гэж буй боловч бодит амьдрал дээр хүндрэл бэрхшээл харагдаж байна.
Иймд мал аж ахуйн өвөлжилтийн байдал, шатахууны хангамж нийлүүлэлт, махны нөөц экспорт, эрчим хүчний хангамж, өвлийн бэлтгэлийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсох нь зүйтэй гэж үзсэн.
Үүнтэй холбогдуулан энэ долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 30-нд Засгийн газрын мэдээллийг тусад нь авч үзэж, тухайн асуудлаар мэдээлэл сонсоно" гэв.
Түүнчлэн "Авилгатай тэмцэх чиглэлээр бид хууль эрхзүйн орчныг чангатгаж байгаа. Гэхдээ бодит, тодорхой үр дүн гарахгүй байна гэж үзсэн тул Засгийн газраас шүүх байгуулах тухай хуулийг санаачилж оруулж ирсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор хэлэлцэнэ" гэлээ.