Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зэргээр ажиллаж буйг мэдээлж, санал хүсэлтийг сонсон гарц шийдлийг ярилцаж байна.
Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц. Рэнчинсэнгээ: Ургамал хамгаалалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Монгол улсад тариалангийн эдэлбэр газрын 80 хувийг улаан буудай эзэлж байна. Цаашид таримлын нэр төрлийг олшруулбал үр ашгийн хувьд ч, байгаль орчиндоо ч ашигтай байна. Энэ мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй байна.
Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Импортын барааны босго тогтоож өгмөөр байна. Ингэхгүй бол өндийж байгаа үндэсний үйлдвэрлэл буцаад унана. Болж бүтэхгүй хуулиуд байна. Жишээ нь Тендерийн хууль. Дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?
Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон. Цаашид эрх зүйн орчны дэмжлэг мөн хэрэгтэй байна. Түүхий мах экспортод гаргахад бид бэлэн байна. Шаардлагатай стандартыг яаралтай баталж өгмөөр байна. Зөв зүйл дээр, зөв бодлого дээр улс төрийн намууд улс төржилгүй хамтарч ажилламаар байна.