УИХ, Засгийн газар татварын цогц шинэчлэл хийхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс зарлалаа. Өнгөрсөн 30 гаруй жил бид татварын орчноо сайжруулах зорилгоор олон ч туршилт, тохируулга хийж, хуулж нэг үзэж, хүчээр нэг шийдэж, зарим ахиц дэвшлүүд ч гарсан нь үнэн. Гэхдээ татварын харилцаа болоод орчин, тухайлсан зохицуулалтуудыг олон улсын сайн жишигт хүргэж, цогц шинэчлэл хийх шаардлагатай гэж тунхагласаар ирсэн ч бодитой үр дүнгүй шахуу өдийг хүрсэн. Иймдээ ч татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл төдийгөөр биш эдийн засгийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүрэг болгон ашиглах шаардлагатайг нийтээрээ шаардах болов.
Тэгвэл, УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах Д-Өргөдөл системд байршиж 100 мянган иргэний дэмжлэг авсан 3 дахь өргөдлийг танилцуулах үеэр татварын реформын эхлэл нь иргэдийн эдгээр санал, санаачлага болохыг УИХ-ын дарга онцлов.
Ялангуяа НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудал олон нийтийн анхааралд өртөж, нийгэмд багагүй мэтгэлцээн, хэлэлцүүлгийн сэдэв болсон. Хагархай цонхны онол буюу аливаа шударга бус байдлыг үл тоомсорлох хандлага гаарвал бүгд хохирч үлддэгийн адилаар татварын орчны ирээдүйн эрсдлийг хаах хэрэгцээ шаардлага хэдийнэ үүсээд байгаа. Иргэд ч үүнтэй санал нэгдэж, татварын шударга зарчмыг хүсч буйгаа уг асуудлаарх нийтийн өргөдлийг идэвхтэйгээр дэмжих замаар илэрхийлсэн үйл явдал гэж хэлж болно. Ямартай ч парламентын ардчиллыг төгс утгаар нь төлөвшүүлэх хамгийн үнэ цэнтэй асуудал болох иргэдийн дуу хоолой, тэмүүллийг сонсож, оролцоог хангахдаа судалгаа тооцоолол, бодит мэдээлэл үндэслэн “зөв” шийдвэр гаргах ёстой. Тэгвэл энэ зөв шийдвэрт суурилан УИХ, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй биз ээ.
Сэтгэгдэл (3)