УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл танилцуулж, үг хэллээ.
Тэрбээр "Иргэн Р.Цэндсүрэн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг та дэмжиж байна уу? гэсэн цахим өргөдлийг D Parliament сайтад үүсгэсэн. Энэ санал иргэний 100 мянгаас дээш саналыг авсан. Нэг бол нэрийг нь солих, нөгөө бол мөнгөн дүнг нэмэх талаар яригдаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх гэдэг хоёр өргөдөл гаргасан.
Энэ бол татварын цогц шинэчлэл хийх асуудал болсон учир ажлын хэсэг гаргасан. Татварын цогц шинэчлэлтийг яаралтай хийхээр дүгнэлт шинжилгээг хийж, хаврын УИХ-ын чуулганаар оруулах үүрэг өгсөн ч хэрэгжээгүй байсан. Тус ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлж ажиллаж байгаа. 100 мянгаас дээш санал авсан гурван саналын тухайд төрийн санхүүгийн бодлогод шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна. Төсвийн орлого, зарлагаа оновчтой төлөвлөх хэрэгтэй. Нэг цонх хагархай байсаар байвал нөгөө нь хагархай байсаар байна. Тиймээс эмх замбараагүй байдлыг арилгаж, иргэдийн хүсэл сонирхлыг заавал харгалзаж иргэдэд хариуг өгөх ёстой" гэв.
Д.Батчулуун