Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар өнөөдөр /2023.11.24/ хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурж, баталгаажууллаа. Уулзалтын эхэнд, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, эртний харилцаатай Эрдэнэт үйлдвэр баялгийн үр шимийг тээврийн салбарт, тэр дундаа дэд бүтцэд шингээж, бүтээн байгуулалт болгож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Тодруулбал, энэ жил ашиглалтад орсон Эрдэнэт-Хялганат чиглэлийн автозамыг "зэс"-ээр бүтсэн, "жинхэнэ алтан шар зам" хэмээн бэлгэшээдгээ хэлсэн юм.
Талууд жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хамтарч шийдэх, экспорт, импортыг нэмэгдүүлэхэд учирч буй саад тотгорыг арилгах талаар энэ үеэр харилцан санал солилцлоо.
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон 45 жилийн ой нь тохиож буй үйлдвэрийнхээ түүхэн хөгжил, өнөөгийн амжилт, онцлох төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, цаашид өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөгжлийн чиглэл, зорилгын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар
- Автотээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тээврийн хэрэгслийн угсралт, эд ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ,
- Төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ,
- ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж,
- Үйлдвэрлэл, технологийн паркийн автозам, төмөр зам барих, төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн газрын зам, тээврийн чиглэлийн хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тусгалаа.
- Мөн Олон улсын зам тээвэр, ложистикийн харилцааг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, ерөнхий зориулалтын нисэхэд ашиглах хөөрч буух зурвас, эмнэлгийн яаралтай түргэн тусламжид үзүүлэх хэлипортын талбай байгуулах,
Улаанбаатар хот-Орхон, Булган аймгийн чиглэлийн аялал жуулчлалын маршрут хөгжүүлэхэд чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл (4)