Ардчилсан намын дэд дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаар мэдэгдэж, танилцуулав.
Хугацаат цэргийн алба хаагчдын амь нас, бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал тасралтгүй гарч байна. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 326 дугаар ангид алба хаагч амь насаа алдсан. Түүнчлэн 120 дугаар ангид зодуулж дарамтлуулж байсан алба хаагч цэргийн нэгдсэн эмнэлэгт ирж үгээ хэлснээр ил боллоо. Энэ хугацаанд хохирогчдын төлөөлөл, тэдний ар гэр үгээ хэлж, олон нийтэд бодит мэдээлэл хүргэлээ.
Олон нийт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахыг удаа дараа шаардсан ч Ерөнхий сайд ямар нэгэн мэдэгдэл хийлгүй, өнөөдрийг хүрсэн. Хэлэлцүүлэг болон ХЭҮК-ын удаа дараагийн тайлан илтгэлээс харахад цэргийн албанд очиж амь насаа алдах, эрэмдэг болох хэрэг нь нэгэнт хэвийн үзэгдэл болсон нь тодорхой.
Эрүүл мэндээрээ хохирч эрэмдэг зэрэмдэг болох, амь насаа алдах нь зэвсэгт хүчний бүх салбар нэгжүүдэд соёл болон төлөвшсөн дэглэлттэй холбоотой гэж дүгнэхэд хүргэж байна.
Өнгөрсөн нийгмээс амь бөхтэй өнөөдрийг хүртэл оршиж байгаа дэглэлт гэх зүйлийг үндсээр нь үгүй хийж, хүний эрхийн өндөр мэдрэмж бүхий орчин үеийн армийг зохион байгуулж чадах, шинэчлэх сайд энэ салбарт үгүйлэгдэж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь сайдаар ажиллах хугацаандаа дэглэлт, дүрмийн бус ажиллагааг таслан зогсоож чадаагүйгээс гадна чадсан мэтээр дүр эсгэж, "Дэг, яргалал байхгүй" хэмээн худал мэдэгдсэн нь тангараг өргөсөн төрийн өндөр албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл. Мөн салбартаа үгүйлэгдэж буй шинэчлэлийг хийж чадахгүйн нотолгоо гэж Ардчилсан Нам дүгнэж байна.
Цаашид хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал бүрд улс төрийн хариуцлага дагалддаг соёлыг төлөвшүүлэх үүднээс Г.Сайханбаярыг нэн даруй огцруулж, дээрх шаардлагад нийцсэн иргэний боловсролтой хүнээр Батлан хамгаалахын шинэ сайдыг томилон ажиллуулахыг шаардаж байна.
Сэтгэгдэл (3)