Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 21-ний өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын гишүүн, Канад-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Мишель Одетт-той уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын харилцаа чухал үүрэгтэй болохыг дурдаад, Канад-Монголын Парламентын найрамдлын бүлгийг сэргээн байгуулах санаачилга гаргаж, бүлгийг даргалж буйд Сенатын танхимын гишүүн М.Одетт-д талархал илэрхийлэв.
Хоёр тал улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайлал, парламентын бүлэг хоорондын харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагаа, ялангуяа орон нутаг дахь англи хэлний сургалтыг сайжруулах асуудлаар санал солилцов.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга хатагтай Рэймонд Ганье-тай товч уулзаж, Сенатын хурлын танхимтай танилцав.
Канад-Монголын Парламентын найрамдлын бүлэг анх 2003 онд байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ Сенатын танхимын 12 гишүүн, Нийтийн танхимын 6 гишүүн тус бүлэгт ажиллаж байна.