Хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлох зорилгоор Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны дарга Маттео Мекаччи тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр төлөөлөгчидтэй уулзаж, Монгол-ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Манай улс АИХЭА-тай идэвхтэй хамтран ажиллаж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, энэ чиглэлээрх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэлд идэвхтэй хамтарч ажиллаж байгааг талууд онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
АИХЭА нь гишүүн оронд болж буй сонгуульд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдалтай тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.