Монголдоо инженер, технологийн мэргэжилтнүүд бэлтгэх хөтөлбөрийг арав гаруй жилийн өмнө одоогийн АН-ын дарга Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа эхлүүлж байв. Хамгийн үр дүнтэй сургалтын хөтөлбөрүүдийн нэг байсан энэ төслийг хэрэгжүүлсэн тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа нэгэн мэдээлэл оруулсан нь дараагийн төслийг эхлүүлэх тухай байлаа. “Коосэн” төслийг эхлүүлэхэд туслаж байсан Кубота сантай уулзсан талаараа дурдахдаа Монголдоо хэрэгжүүлэх дараагийн төслөө Роботын чиглэлээр байх талаар ярилцсан тухайгаа Л.Гантөмөр дарга дурджээ.
Тэрбээр, “Монголд инженер, технологийн мэргэжилтнүүд бэлтгэх зорилгоор Японы “Коосэн” Дээд сургуулийн нэрээр нэрлэгдсэн сургалтын хөтөлбөрийг 10 гаруй жилийн өмнө эхлүүлэхэд минь хамгийн том туслалцаа үзүүлж, Олон улсын хамтын байгууллагаас хоёр сая ам.долларын хөрөнгө босгож, Япон улсаасаа мэргэжилтэн, багш, сурах бичиг, тоног төхөөрөмж гээд олон зүйлийг Монгол руу авчрах ажлыг хийсэн Кубота сантайгаа тааралдлаа.
Бид хамтдаа 10 гаруй жил хамтран ажиллаж, энэ том төслийг эх орондоо амжилттай хэрэгжүүлж чадсан билээ. Энэ төслийн ачаар монголчууд өнөөдөр япон хөтөлбөр, сурах бичиг, технологиор инженерийн сургалтад хамрагдах боломж бүрдсэн түүхтэй.
Хамтрагч маань дараагийн том төслөө роботын чиглэлээр байвал ямар вэ хэмээн санал бодлоо хуваалцаад гарлаа. Эхлүүлсэн бол ажлынхаа үр дүнг үздэг, дундаас нь хаяж орхихгүй тууштай зүтгэдэг эрхэм чанараар нь бахархаж явдаг билээ. Дараагийн том төсөлд нь амжилт хүсээд, эргэж уулзаж, энэ талаар ярилцахаар тохироод саллаа, бид хоёр.
Шинжлэх ухаан бол бидэнтэй хамгийн ойрхон шүү зоригтой байгаарай залуучууд минь” гэсэн байв.
А.Сүх
Сэтгэгдэл (2)