Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан томилогдсноосоо хойш нэг үг дуугарч, одоогоос 20 орчим хоногийн өмнө (2023.11.01) "Төлбөртэй бүс тогтоохыг иргэдийн 70 гаруй хувь нь дэмжсэн" гэх утга бүхий зүйлийг хэвлэлд ярьж байлаа. Гэтэл төлбөртэй бүсийн тухай заалтыг эргүүлэн татсан гэх.
Сайдын албан тушаал авснаасаа хойш ихэд болгоомжлонгуй байгаа тэрбээр иргэдийн шүүмжлэлээс "эмээж", яаруухан тайлбар хийж сууна. 2024 оны сонгууль болоход тун дөхөж ахуй үед түгдрэнгүй, тойруулангуй байх нь ч зөв биз. Хотын даргын сүүдэр дор нэг хуулийн төсөл дамжилцан гүйсэн сайд автозамын түгжрэлээс илүү "тендерийн түгжрэл"-ийг хүлцэхгүй нь.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2023.11.21) хуралдааны үеэр "нийслэлийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг удаад шууд худалдан авалт хийх тухай хуулийн заалт"-ын талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариуд нь Түгжрэлийн сайд "зовлон"-оо тоочжээ.
Тодруулбал, үерийн суваг, авто зам, халаалт бохирын шугам, машин техник тоног төхөөрөмжийг тендер зарлахгүйгээр шууд худалдан авах заалт оруулж иржээ. Эл асуудалд УИХ-ын гишүүн Ц.Сандар-Очир "арай хэтэрхий байгаа юм биш үү" хэмээгээд дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.
Хариуд нь Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан тендер хүлээгээд сууж байх боломжгүй гэдгийг хэлж, эцэслэн батлагдаагүй хуулийн бэлтгэл ажлыг хангах утга бүхий зүйл ярьсан байгаа юм.
Түүнчлэн хотод давсыг гараар цацаад явж байгаа нь сайдыг "ичгэвтэр" байдалд оруулжээ. Тиймд ичээд тендер зарламааргүй санагдсан байна. Хамгийн гол нь "ногоон автобустай адил шүүмжлүүлмээргүй" байгаа юм билээ.
Сайдын суудал нь богино настай болохоор "хэл ам татлахгүйхэн шиг буух"-аа улстөрийн хүн эрх биш мэдэх нь дамжиггүй.
Б.Дэлгэрсайхан сайдын хувьд тендер зарлахгүй гэдэг нь худал хэлж, хулгай хийхгүй гэсэн үг аж. Ийнхүү "МАН-ын эрх муужгай шиг албан тушаалтнууд" хуулийн заалтыг хэрхэн тонгоруулдгийг нийтээрээ харж ч мэдэх юм. Хуулийн дээр сонгууль оршдог нь "гарцаагүй" болов бололтой.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)