Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергуст бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс чухал “гуравдагч түнш” Канад Улстай хоёр улсын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглэж, хоёр улсын Парламент, Парламентын Найрамдлын бүлгүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.
Г.Фергус найрсаг харилцаатай Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай ийнхүү уулзаж байгаадаа баяртай байгааг илэрхийлээд, Парламентын Нийтийн танхимын даргаар сонгогдсоноосоо хойш хоёр дахь гадаад улсын Гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзаж байгаагаа тэмдэглэв.
Сайд Б.Батцэцэг энэ удаагийн айлчлал нь Монгол-Канадын 50 жилийн хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, дараагийн 50 жилийн хамтын ажиллагаа, Иж бүрэн түншлэлийн зорилтуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцлов.
Тэрээр ногоон эдийн засаг, боловсрол, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч зэрэг салбарт цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглээд, “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулах зэргээр хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын Парламентын дэмжлэг чухлыг дурдав.
Нийтийн танхимын дарга Г.Фергус жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, эмэгтэйчүүдийн манлайллыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улстай харилцан туршлага солилцон хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийлэв.