Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд сайд нар Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд өргөжин дэвжиж, ардчилал, хуулийн засаглал, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлд тулгуурлан Өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд амжилттай урагшилж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлал Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр хэрэгжиж байгааг онцолж, Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогод “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлэг болохыг Гадаад харилцааны сайдын Б.Батцэцэг тэмдэглэв.
Өнгөрсөн хугацаанд хоёр улсын улс төр, аюулгүй байдлын яриа хэлцээ өргөжиж, Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхийн зэрэгцээ байгалийн нөөцийн тогтвортой удирдлага, төрийн албаны шинэчлэл, сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирснийг сайд нар харилцан тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр сайд нар Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгаад хоёр улсын хөгжил цэцэглэл, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг цаашид хангахын тулд Монгол-Канадын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Гадаад хэргийн сайд М.Жоли Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Канад Улсын үзэл санаа нэгтэй, ардчилсан түнш орон болохыг дурдаад, эмэгтэйчүүдийн манлайлал, феминист гадаад бодлогыг урагшлуулахын төлөө Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гаргаж буй санал санаачилгыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Сайд нар ирэх онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын хамтыг ажиллагааг өргөжүүлж, ногоон эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуй, агро-хүнс, цахим шилжилт болон боловсролын салбарт, тэр дундаа англи хэлний багш нарыг бэлтгэх чиглэлд түлхүү хамтран ажиллахаар тохиров.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, агаарын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой санал тавихын зэрэгцээ хоёр тал бүс нутаг, олон улсын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, хэлэлцээний дүнгээр талууд хамтарсан мэдэгдэл гаргав.