АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 50.6 хувьтай байна. 270 хэргээс 141 хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн. Энэ оны арваннэгдүгээр сар хүртэл гэмт хэргийн улмаас учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу байр, орон сууц, хөдлөх хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авсан. Авлигын хэргийн улмаас алдагдсан боломж, хохирлуудыг нөхөн төлүүлэхийн тулд эдгээр хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал авлигын эх үүсвэрээ нуух замаар олж авсан хөрөнгөө 22 орон сууц болгосон байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлж, битүүмжлэн хамгаалах, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан.
Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улсад оргон зайлсан нийт 34 хүн бий.
Үүнээс 12 этгээдийг Монгол Улсад авчраад байна. Үлдсэн 22 этгээдийн нэгийг харьяаллын дагуу шилжүүлж, хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учраас цаашид олон улсад эрэн сурвалжлах шаардлагагүй болсон. Үлдсэн 19 этгээдийг хаана байгааг олж тогтоох, эргүүлэн авчрах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байна”" гэв.