МАН-ын бүлэг мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар, УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул байнгын хороодын даргыг сонгоход баримтлах зарчим болон нэр дэвшүүлж тодруулахад баритлах зарчмын талаар ярилцаж тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргыг томилохоор болжээ.
Хоёрт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн шинэ удирдлагаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "Бүлгийн хурлаас мэдээлэлтэй холбогдуулаад агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой, бодитой арга хэмжээ авах шаардлагатай байна гэдэг чиглэлийг нийслэлд өгсөн.
Улсын төсвийг өргөн барихдаа ЗГ-аас Эрчим хүчний сайдын багц дээр агаарын бохирдлыг бууруулах зардал буюу 25.8 тэрбум төгрөгийг суулгасан байсан.
Гэвч агаарын бохирдлыг бууруулах үндэснийй хороог татан буулгасан. Тиймээс энэ асуудал нийслэл рүү шилжсэн. Үүнтэй холбогдуулан 25 тэрбум төгрөгийг БОАЖЯ-ны сайдын багц дээр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал" гэж тусгасан. Одоо сайд эрхийг нь шилжүүлэхэд нийслэл ажлаа хийх юм.
Харин Байнгын хорооны даргыг бүлэг дотроо өрсөлдүүлж сонгоно. УИХ-ын хуульд зааснаар байнгын хорооны даргаар ажиллах хугацаа нэг жил, нэг удаа улиран сонгогдож болдог. Тиймээс байнгын хорооны дарга нар өрсөлдөж болно. Ингээд олонхийн санал авсан хүнийг сонгоно" гэв.
М.Дэвээ