УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал Эрдэнэтийн 49, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн "Цeмeнт шохой" үйлдвэрийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Маргааш Цемент шохой ТӨХК, Эрдэнэтийн 49, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. 2019 онд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор ард нь явагдсан санхүүгийн схемийг олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хооронд Эрдэнэтийн 49 хувь ганцаараа байгаагүй юм байна. Тухайлбал, энэ нь Цемент шохой ТӨХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой луйврын схем явсныг бид бүгдээрээ ойлгосон. Сүүлийн гурван жил маш олон хулгай зарлагдлаа. Энэ хулгайнууд шүүх дээр очиж хойшлогддог олон тохиолдлуудыг харсан.
Сүүлийн 30 жилд хамгийн хүн ойлгоход хэцүү, УИХ, Засгийн газартайгаа буюу хамгийн олон хүн оролцсон луйврын схем бол яах аргагүй Эрдэнэтийн 49, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн "Цeмeнт шохой" үйлдвэрийг хамтад нь авах оролдлого байсан.
2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, үүнээс нэг жилийн дараа Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хоосон гэрээн дээр үндэслэж зээл авсан. УИХ-аас хөрөнгө оруулагч нь шууд хувьчлах тогтоол гаргаж Цемент шохой ТӨХК-ийг 2015 онд хувьчилсан. 1,3 тэрбум төгрөгөөр хувьчилж авч байсан. Ингэсээр яваад өнөөдөр Цемент шохойн үйлдвэр ямар байгааг мэдэж буй. 2023 онд төр буцаан авах шийдвэрээ гаргасан. Энэ хооронд дээрх 61 сая ам.долларын зээл огт төлөгдөөгүй.
Энгийн хүн хараад ойлгохооргүй санхүүгийн схем зурагдсан байгаа. Энэ санхүүгийн схем дотор Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Аж үйлдвэрийн яам бүгд оролцсон" гэв.
Д.Батчулуун