Монгол Улс ээдрээт үеийн ард, орчин цагийн Зэвсэгт хүчнийг бэхжүүлсээр өдгөө 102 жилийн нүүрийг үзэж буй. Эх орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах зорилготой эл салбар улам хүчирхэгжин бэхжих ёстой.
Гэвч хугацаат цэргийн албан хаагчид энхийн цагт амь үрэгдэж байгаагаас үүдэн иргэдийн дунд Зэвсэгт хүчний нэр хүнд, тэр дундаа цэргийн албаны утга учир "элгээрээ мөлхөж байна" гэж хэлэхэд хилсдэхгүй болов.
Гэлээ гэхдээ зуу гаруй жилийн түүхт Зэвсэгт хүчиндээ бид итгэл алдрах учиргүй билээ. "Амбиц"-тай хоёр улсын дунд тусгаар тогтнолоо тунхаглан оршсоор байгаа нь гадаад бодлого болоод зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой гэдэг.
Эх орны өсгөн бойжуулсан дайчид дэлхийн тайван бус халуун цэгт хүний амь насыг авран хамгаалж, эрэлхэгээр энхийг сахиулсаар байна.
Энэ мөчид "Эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж яваад амь үрэгдсэн Монгол Улсын баатар Магсарын Жанчив" хэмээн дуудан мөнхжүүлж, цэргүүдийн бахархал, урам зоригийг сэрээдэг 013-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Зэвсэгт хүчний хээрийн холбооны системийн бэлэн байдлыг хангаж, мэргэшсэн цэргийн алба хаагчидтай болох нь тус ангийн эрхэм зорилго аж.
Цэргүүд онц буудагчийн улаан туг тамируулан алхана. Одоогоор цэргийн албанд дасгах, цэргийн ерөнхий эрдэм буюу буудах, жагсах, дүрэм заавраар хэрхэн ажиллах, эх оронч хүмүүжил, сэтгэлзүйн тогтвортой байдлаа хэрхэн хангах зэрэгт суурилан анхан шатны бэлтгэл сургуулилалтын үе үргэлжилж байна. Тэднийг тангараг өргөсний дараа салбарт хуваарилах журамтай.
Түүнчлэн Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Гэтэл 326-р ангийн цонх нь хагарсан, хана нь мөөгөнцөртсөн гэх мэт дүр зурагтай байгаа талаар БХЯ-ны сайд яриандаа цухас дурдсан.
Зэвсэгт хүчнийхэн элэгдэлд орсон барилгаа давхарлаж "будах" зарчмаар л явж байна. Харин тухайн ангид хуваарилсан төсвийг хэрхэн "гал алдахгүй" байхаар захиран зарцуулах вэ гэдэг асуудалтай захирагч нар л нүүр тулах нь.
Гуравхан жилийн өмнө 013-р анги модон цонхтой байжээ. Хэддүгээр зуун билээ дээ, гэтэл гуравхан жилийн өмнө... Улсын нийслэлд байгаа учраас ус дулаандаа холбогдсон тул осолдохгүй, ажрахгүй хүйтнийг давах аж. Гэвч одоо хэр нь галладаг ангиуд ч байдаг тухай учир мэдэх нэгэн өгүүлж байлаа. Энэ бүхнийг нэг түвшинд аваачхад их хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй гэдгийг албаны хүн хэлж байв.
Тухайн ангид хуваарилагдаж ирсэн цэргүүдийн 30 орчим хувь нь оюутан агаад өөрсдийн хүслээр цэргийн алба хаахаар иржээ. Харин хүйтний эрч чангарах үед 20-оод цэрэг ханиад туссан байна. Цэргийн ангийн давхар болгонд гармагц сода гэх бичигтэй 5 литрийн устай сав эгнээтэй байх юм. Учир нь цэргүүдийг ханиад авахаас сэргийлэх зорилгоор сода болон жамц давстай усаар хоолойг нь зайлуулдаг гэв. Мөн дархлаа дэмжих зорилгоор чацаргана зэргийг өгдөг байна.
Цэргийн албанд бичиг үсэг сурч, мэргэжил эзэмшиж, мэргэшиж, төгсөх курсын судалгааны ажлаа бичиж, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх гээд олон боломж бий. Эл ангид бичиг үсэг "үл мэдэх 1 цэрэг" татагдан иржээ. Гэхдээ энэ "нэг" гэх тоо бол хэдхэн жилийн өмнөхийг бодвол нийгмээрээ боловсролыг эрхэмлэдэг болсны сайн чанар гэдгийг тодотгож байлаа. Тухайн байлдагч сэргэлэн цовоо болохоор бичиг үсэг амархан тайлагдана гэдэгт ч тэд итгэлтэй байгаа юм.
Тухайн ангийн удирдлагууд нөөц боломжоо дайчлан хэд хэдэн ажил хийжээ. Дурдвал, зориулалтын бус буюу автомашины граш байсан барилгыг засаж, спорт заал болгон тохижуулаад ашиглаж байна.
Энэ тухайд ангийн захирагч "Эдийн засаг сайжирвал бид ч гэсэн стандартын шаардлага хангасан гоё заалтай болно гэж найддаг" хэмээн ярьсан юм.
Нэг цэргийн хувьсах зардал 9 сая төгрөг байгааг 2024 онд 12 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ гэж салбарын сайд онцолж байсан нь саяхан.
Цэргийн ангийн хоолны амт чанарыг сайжруулах тал дээр улсаас анхаарууштай. Эх орон дуудаж байна гэж авч ирээд амт шимтгүй хоол өгөөд байж боломгүй. Түүнчлэн бид нийгэмд ил асуудал руу хэт хошуурч, ард байгаа асуудлаа хаяж байна. Нэгэн цэрэг ярихдаа "Хоолондоо дасах хэцүү байсан. Гэхдээ эх орноо хамгаалах үйлсэд би бэлтгэгдэх ёстой. Ер нь цэрэгт явна гэж боддог байсан" гэж хариулсан юм.
Энэ жил БХЯ, Зэвсэгт хүчнийг хувцас хунараар бүрэн хангах төсөв батлагдаад байгаа гэх. Хувцас хангамжийн тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Мөн тэд төсөв хөрөнгөдөө тааруулан байгаа зүйлээ тордож байгааг ч хэлж байв.
"1997 оноос өөрчлөгдсөн зүйл гэвэл байр ахуй биш хүмүүсийн сэтгэхүй л байна" гэж тухайн үед 013-р ангид соёл хүмүүжлийн албаны даргаар ажиллаж асан нэгэн хэлэв.
Энэ үеэр 013-р ангийн захирагч, хурандаа Ч.Эрдэнэболд: "Байгаагаа тордохгүй, байхгүйдээ гутраад суувал "харанхуй нүх" хэвээрээ л үлдэнэ. Нэг зүйл хийгээд ард нь гарчихаар урамшаад дараагийн зүйлийг хийдэг. Биднийг явахад хийж бүтээсэн зүйл маань л энэ ангид үлдэнэ" гэлээ.
Цэргийн алба хааж буй залууст олон боломжийн үүд хаалга нээлттэй байдаг тухай бүгд дурдах билээ. Үүний нэгэн баталгаа бол 2021 онд цэрэгт татагдаж, 2022 онд халагдаад ангидаа ахлагчаар үлдсэн П.Отгонбаяр юм.
Тэрбээр "Би Дундговь аймгаас татагдаж ирж байлаа. Одоо хоёр жил болох нь. Манай ах дүү, хамаатан саданд цэргийн мэргэжилтэй хүн байгаагүй учраас цэргийн албаны тухай ойлголт бага байсан. ҮБХИС, ДХИС-д сурна гэсэн бодолтойгоор ЭЕШ-аа өгсөн. Тэр үед зарлан ирээд л цэргийн албанд мордсон юм. Цэргийн амьдралд би дуртай, энд байхдаа омогшлыг мэдэрдэг. Өөрөө л чадвал бүх зүйл танд үүдээ нээнэ. Би цэрэгт ирэхээсээ их давилуун, түргэн ууртай байсан (инээв). Олон хүнтэй харьцаад өөрийнхөө занг дарж, засаж авсан гэж боддог" гэв.
Харин цэргийн амьдралын тухай болон цаг үеийн асуудлаар Зэвсэгт хүчний ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга хурандаа М.Золзаяагаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, "Эх орноо батлан хамгаалах журамт үүрэг бидэнд бий.
Цэргийн нэг жилийн амьдралд тэд эх оронч үзэлтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй, сайн сайхан хүмүүс болж төлөвшөөсэй. Багийн ажиллагаа, нөхөрлөлийн үнэ цэн, хүмүүсийн бие биедээ гаргаж байгаа сэтгэлийг таньдаг болоосой.
Одоо цаг үе өөр болсон. Идэж, уухаас эхлээд амьдардаг орчин хүртэл өөрчлөгдсөн. Харин мэдээлэл технологийн дэвшилтэт ийм үед хүмүүс хоорондын харилцаа их хөндий болжээ. Сэтгэлийн хаттай иргэнийг цэргийн алба бэлдэх ёстой. Цэргийн алба хаагчид хүний зодуур биш. Энд байгаа офицер, ахлагч нар хэн нэгнийг зоддог хүн байж болохгүй. "Эрхэм байлдагч" гэж харьцах номтой шүү дээ. Бид эр цэргээ хайрлах ёстой. ЗХЖШ, БХЯ болон бүгдээр цэрэг эрсээ эрсдэлгүй, аюулгүй байлгахад анхаарах зүй ёсны шаардлага тулгараад байна. Цэргийн амь нас хохирсон нь, ийм асуудал гаргасан нь харамсалтай зүйл. Миний үеийг бодвол харилцааны хувьд залуу үеийнхэн их эелдэг болсон шиг санагддаг. Бүх асуудал харилцаан дээр тогтдог гэдгийг ойлгох ёстой үе иржээ" гэлээ.
"Үзүүлэн"-ийн гэгдээд буй 013-р ангиар орсон нэг өдөр "сайшаах зүйлтэй" ч тэгтэл шагшрах зүйлгүй өнгөрөв. Цэргийн амьдралд хөл тавих өдөртөө бэлтгэж буй залуусаас ном уншдаг нь цөөнгүй болохыг тус ангийн номын санч хэлж байв. Нүүдлийн номын сан, өргөө гэр, амралтын өрөө гээд тухтай зүйл олон боловчиг элэгдэж, хуучирснаа далдалж, тордож яваа энэ мэт анги бий. Мөн 326 шиг нь ч буй биз ээ. Иймд хангалттай санхүүжилтгүй, цэргийн хангамж муутай, тоног төхөөрөмж хуучинтай ч "бор зүрх"-ээрээ яваа Зэвсэгт хүчнээ МОНГОЛЫН ТӨР эргэн харах хэрэгтэй.
Тойргоо услах хүслээ хойш тавьж, батлан хамгаалах салбарынхаа "өвчин"-ийг тоосон ч болоосой. Тэргүүндээ туух салбараа сүүлэндээ үлдээсэн харалган зүйл болох вий.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)