ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Фарход Арзиевтай уулзаж, агаарын харилцааны болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт, ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистан улсаас жимс, ногоо, Монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэж хэлэв.
Өнөөдрийн байдлаар автотээврийн хамтын ажиллагааны тухайд хоёр улсын тээврийн яам хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх 100 ширхэг, гуравдагч улсын 50 ширхэг зөвшөөрлийн бичиг солилцож, протоколоор баталгаажуулаад байна. Узбекистаны талаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 85 автомашин Монгол Улсын хилээр нэвтэрч ачаа тээвэрлэлт хийсэн. Иймд хоёр тал Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хүртэл Монголын талын тээврийн хэрэгслээс өндөр төлбөр авахгүйгээр зөвшөөрлийн бичиг солилцон тээвэрлэлт хийх саналтай байна.
Ойрын хугацаанд Автотээврийн хэлэлцээрийг байгуулж Европоос Узбекистан, Монголоор дамжин БНХАУ-ын зүүн талын хотууд, Хятад, Монголын ачаа Узбекистанаар дамжин Европ, Иран, Пакистан болон Энэтхэгийн далайн боомтууд руу хүрэх боломж нээгдэнэ хэмээн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.
Элчин сайд Фарход Арзиев хэлэхдээ, Элчин сайд миний хувьд тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрээд байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна гэв.
Уулзалтын дүнд хоёр улсын автотээврийн болон агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо. Ташрамд дурдахад, Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон найрсаг харилцаатай улс юм.