Нийслэлийн ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр болно. Тус сонгуульд Нийслэлийн Ардчилсан намын даргад М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар нэр дэвшиж буй. Тэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
М.Тулгат: Ардчилсан намыг хүмүүсийн хүсэн хүлээсэн нам болгох юмсан гэх чин хүсэл бий
Тэрбээр "Миний бага нас ардчилсан хувьсгалтай холбоотой. Гурав, дөрөвдүгээр ангид байхад ардчилсан хувьсгал эхэлж байсан. Миний аав болон түүний дүү нар ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан. 2012 оноос хойш дүүрэг, нийслэлийн сонгуульд оролцоод явж байна. Тодорхой хэмжээгээр дүүрэг нийслэлд ажиллалаа. Сүүлийн жилүүдэд манай нам цөөнх байлаа. Хөгжлийн мөрийн хөтөлбөр боловсруулахад оролцож ирсэн боловч ялагдчихаар түүнийгээ хэрэгжүүлэх боломж байдаггүй. Улаанбаатар хотын хөгжлийг хойш нь татаж байгаад сэтгэл өвдөж явдаг. Тиймдээ ч үүнд ажиллах юмсан, бодож санаж байгаа зүйлээ хэрэгжүүлэх юмсан гэдэг хор шар бий. Намынхаа гал тогоонд жаргал зовлон руу нь оръё, ачаанаас нь үүрэлцье хэмээн бодох болсон. Ардчилсан намыг хүмүүсийн хүсэн хүлээсэн нам болгох юмсан гэх чин хүсэл байдаг. Үүнийхээ дагуу сонгуульд оролцож байна" гэв.
Т.Батцогт: Улаанбаатар хотоо өөрчилье гэсэн чин хүслээр л зүтгэж явна
Тэрбээр "Бидний ирээдүй болсон хүүхдүүд маань төрсөн цагаасаа эхлээд утаатай, эрүүл бус, аймшигтай хотод өсөж торниж байна. Үүнд хотынг иргэний хувьд санаа зовж, өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ хийж хэрэгжүүлэх чин хүсэл бий. Үүнийхээ дагуу намынхаа нийслэлийн даргад нэрээ дэвшүүлсэн. Улаанбаатар хотоо өөрчилье гэсэн чин хүсэлээр л зүтгэж явна даа" гэв.
Д.Бадарсан: Улаанбаатар хотын асуудлуудад нэгдсэн бодлого гаргаж менежмент хийнэ
Тэрбээр "Монголын хүн амын 50 хувь нь амьдарч буй энэ хотод маш олон асуудал бий. Үүнийг нэг хэсэг төлөөлөгч биш, нэг бүлэг биш, нэг бодлого хийж өрсөлдөх ёстой. Тэр ажлыг менежмент хийе гэсэн бодолтой байна. Дүүрэг нийслэлд ажиллаж байсан туршлага байна. Үүнийгээ намынхаа хамт олонтой нийлж нэгдсэн бодлого болгон ажиллах менежментийг хийе гэсэн бодолтойгоор нэр дэвшиж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)