Өнөөдрийн сэдэв болж байгаа Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдийн томилгооноос нэгэн дэвшилтэт сэжим харагдаж байна. Энэ нь Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан хэмээх мэдлэгтэй, чадвартай эмэгтэйчүүд. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүдийн 2-3 нь эмэгтэй гишүүд байж ирсэн уламжлал уул нь бий. Гэвч сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаад, Ш.Солонго гишүүн эмэгтэйчүүдээс “ганц дайчин” шиг үлдээд байсан юм.
Үндсэн хуулийн дээр зөвхөн хөх тэнгэр л оршдог гэх агуулгаар хөөж дүгнэвэл Цэц ихээхэн чухал байгууллага. Тийм ч учраас тус байгууллагын дотоод ардчилал, соёл, легитим чадавхыг дээшлүүлэх шаардлагатай. Нэр хүндийг нь ч өсгөхгүй бол нийгэмд олон асуудлаар сөрөг үнэлэмжтэй болоод байгаа нь нууц биш.
Мэдээж, Цэцийн гишүүдийн мэргэжил, ур чадвар, мэдлэг, туршлага бол нэгдүгээр шалгуур. ХЗДХЯ-нд мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажилласан Э.Энхтуяа, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алинд ажиллаж, бүрэн туршлага хуримтлуулсан, Улсын Их Хурлын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар энэ шалгуурт бүрэн нийцнэ. Хуулийн салбар болон хууль, эрх зүйн шинжлэх ухааны салбартаа хатаагдсан судлаач нар учир мэргэжилдээ тэдний хэн нь ч гологдохгүй. Өндөр боловсрол, зузаан туршлага, нэр хүндээрээ хэн хэн нь Үндсэн хуулийн цэцийн өмнө томилогдож байсан болон одоо байгаа гишүүдийн алинаас нь ч дутахгүй. Харин ч тэдэн шиг ийм ажил хэрэгч, аливааг шинжлэх ухааны нотолгоонд суурилж, улс суурьтай шийдвэрлэдэг, зарчимч эмэгтэйчүүдэд Цэцийн төдийгүй төрийн бүхий л ажил үйлийг хариуцуулаад явах нь зүйтэй мэт санагдана.
Эмэгтэйчүүд хэмээн онцолсны учир нь хамтын удирдлага бүхий ямар ч байгууллага, төрийн институцид хүйсийн харьцааг тэнцвэртэй авч явах нь тухайн байгууллагын ажилд эерэг нөлөөтэй байдаг. Шийдвэр гаргах үйл явц нь ихээхэн эрүүл саруул, бодит байдлын мэдрэмжэй, дотоод ардчилалтай, бас ихээхэн хүнлэг, шударга болдгийг олон судалгааны үр дүн нотлодог. Үндсэн хуулийн цэцэд яг ийм шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй байгааг хэн ч үгүйсгэхгүй.