ЦЕГ-аас цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, алба хаагч энэ хэрэгт холбогдсон гэх мэдээллийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэрэгт мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Одоогийн байдлаар 204 хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгагдаж байна. Мөн Хяналт-1, 2 гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, арилжааны банкны төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн хүрээнд энэ гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор нэлээдгүй олон арга хэмжээг зохион байгуулсан.
Тухайлбал, 3508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхээ хязгаарлуулсан, 2715 дансыг царцаасан, тэнд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг бас царцаасан, мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан 102 фэйсбүүк пэйжийг устгуулах хүсэлт хүргүүлсэн.
Өнгөрсөн хоёр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилсан. Цагдаагийн байгууллагаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөтгөж, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийг байгуулсан. Хамгийн том хамтын ажиллагааны дэмжлэг бол ард иргэдийн оролцоо юм. Цахим мөрийтэй тоглоом тоглож, мөнгөө алдсан иргэдийн тоо өсч байна. Цахим мөрийтэй тоглоом тоглоод нэг ч төгрөг хожихгүй, нэг ч төгрөг олохгүй гэдгийг ухамсарламаар байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)