АН-аас "4/11" цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат үг хэллээ.
-НИТХ дээр 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Маргааш хоёр дахь хэлэлцүүлгээр батална. 2023 оны нийт төсөв буюу 1,7 их наядаас 430 тэрбум төгрөгийн орлого зардлыг хасаж, өөрчлөлт оруулахаар болж байна. Энэ нь нийт төсвийн 20 гаруй хувь. Он дуусахад сар хагасын хугацаа үлдсэн байхад төсвийн 20 хувийг өөрчилнө гэдэг хариуцлагагүй явдал.
Зардлын задаргааг бүрэн гаргаж чадахгүй байгаа нөхцөл байдлыг гайхаж байна. Эдийн засаг, төсвийн ажлын хороо хуралдаж, асуулт тавьсан боловч хотын орлогч дарга П.Сайнзориг гэдэг хүн тоондоо муу юм болов уу, ойлгоогүй нөхцөл байдалтай байна. Төсвийн асуудалд хариуцлагагүй хандаж байна.
Х.Нямбаатар хотын дарга болохдоо "Нэг сар ажил хийлгэчих. Тэгээд угаадас цацаарай" гэснийг бүгд санаж байгаа байх. Өнөөдөр сар боллоо. Ямар байдлаар ажиллах вэ гэдгээ харуулсан. Хууль бол нэг талаасаа сайхан сонсогддог ч нөгөөтэйгүүр "албадлага". Хуульчаар дүүрсэн удирдлагын баг хязгаарлалтаар хотын асуудлыг шийдэх юм байна. Хотын асуудал бол менежмент, зохион байгуулалтын асуудал. Тиймээс цаашид асуудлууд шийдэгдэхэд бүрхэг байна. 2024 оны нийслэлийн төсөвт бид бодлого, концепц талаас нь зөвлөмж өгч ажиллана гэдгээ хэлье.
М.Дэвээ