Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Нийт нутгийн 60 хувьд хүнд, хүндэвтэр зудын байдалтай байна. Аймгуудад 10-20 см, хунгарласан газраа 30-40 см зузаан цастай байна. Энэ жил 69 сая толгой мал өвөлжинө. Хонин толгойд шилжүүлвэл 123 сая толгой мал гэсэн үг. Мөн хадлан тэжээлээ хангалттай бэлтгэсэн мэдээ, судалгаа байна. Малчид 1,2 сая тонн хадлан бэлтгэсэн.
Энэ жил ногоон тэжээл тариалах байдал 45 хувиар өссөн. Сүүлийн жилүүдэд зүүн аймгаас өвс хадлангийн нөөцийг хангаж ирсэн. Зүүн аймгаас баруун аймаг руу тасралтгүй өвс тэжээл зөөж байна. Түүнчлэн ХХААХҮЯ-аас гадны улс руу өвс экспортлохыг хориглосон. Гаалийн байгууллага болон өвс гаргах гэсэн хоёр аймагт мэдэгдэл хүргүүлсэн.
Хятадууд их хэмжээний өвс экпортлохоор зэхэж байсныг зогсоосон. Өвс экспортлоно гэдэг бол гадны нөхдүүд орж ирээд гадагшаа хямд гаргадаг учир ашиг нь бага байдаг. Мөн зээрийн үр төл өгөх экологийн асуудалд шууд нөлөөлдөг учраас өвс экспортлох шаардлагагүй" гэв.
М.Дэвээ