Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаа орхиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон даруйдаа давс мэт "шорвог" шийдвэр гаргана хэмээн мэдэгдэж байлаа. Үүний дараа нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд арга зам болох эрхзүйн орчны шинэтгэл хийхэд багийн хамт ханцуй шамлан орсон нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөл байв. Эл хуулийг Засгийн газраас аравдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Замын түгжрэлийг бууруулах зорилгоор төлбөртэй бүс тогтоож, хотын төвөөр дайран өнгөрөх эсхүл хотын төв рүү орохыг хүсвэл мөнгөө төлөөд, үгүй бол автомашинаа зогсоолд тавиад цааш явах хэрэгтэй болж буй. Гэхдээ төлбөртэй бүсийг тогтоохын тулд мэдээж хэрэг нийслэлийн машинуудыг багтаачих хэмжээний зогсоол бий болгох шаардлага тулгарна. Цаг хугацаа орно гэдгийг ч тэрбээр хэлж байлаа. Үүний сацуу гэр хорооллыг орон сууцжуулна гэж буй. Зарим иргэд орон сууцжуулахын оронд дэд бүтцийг шийдэж өгөх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж харагдсан.
Хотын даргын шорвог гэгдэх шийдвэр дээр ус нэмэх хүн мундахгүй бололтой.
УИХ-ын гишүүн асан, ИОН намын дарга Ц.Оюунгэрэл тус хуулийн төслийг "эсэргүүцэж" нийтийн өргөдөл, гомдлын системд байршуулсан санал нь нэгхэн хоногийн дотор 20,000 гаруй иргэний дэмжлэгийг аваад байна. Хэрэв 100,000 иргэн дэмжвэл УИХ-аар авч хэлэлцэх учиртай.
Замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг батлахыг эсэргүүцэж буйн шалтгаанаа тайлбарлахдаа "Энэхүү хууль нь татварын дарамтыг нэмэгдүүлнэ, баян ядуугийн ялгааг нэмэгдүүлнэ. Төрийн албан хаагчдын эрх ямбыг ихэсгэж, ангит нийгэм үүсгэнэ. Гэр хорооллын иргэдийн дуу хоолойг үл харгалзаж, өмчийн газарт нь дураар халдах замаар барилга болон бусад бизнест дээрмийн орчин бий болгож өгөх аюултай" гэжээ.
Ийнхүү нийтийн өргөдөл, гомдлын системийн хоёр тал эл үйл явдал дээр тод томруун харагдах нь. Гэвч энэ бүхнээс үл хамааран тухайн систем нэг хуулийн төслийг дэмжүүлэн хэлэлцэж, нөгөөг эсэргүүцүүлэн унагаах технологи болж хувирах уу гэсэн эргэлзээг дагуулж байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (16)