Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны үеэр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.
-НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр 429.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалахаар төсвийн төсөлд тодотгол хийсэн.
Иймд 429.1 тэрбум төгрөгөөр бууруулан тооцож, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсвийн тодотголын төсөвт тусгалаа.
Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээр 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай болсон.
Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэхээр тооцсон. Үүнд:
- Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг
- Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын зардлаас 1.1 тэрбум төгрөг
- Нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн арга, хэмжээний зардал 7.8 тэрбум төгрөг
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон 10.8 тэрбум төгрөг
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу нүүн шилжихээр төлөвлөсөн 800 сая төгрөгийн хэмнэлт хийхээр төлөвлөсөн.
Санхүүжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээний нийт төсөв 42.8 тэрбум төгрөг байна. Үүнд:
- Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай-27.6 тэрбум төгрөг
- Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан шаардлагатай тусгай зориулалтын машин механизм-14.4 тэрбум төгрөг
- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил-800 сая төгрөгөөр тус тус санхүүжихээр тусгалаа.