ЦЕГ-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлт боллоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр үг хэллээ.
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг дотроо цахим залилан, мөрийтэй тоглоом, цахим халдлага гэсэн гурван төрлийн гэмт хэрэг илтэд анхаарал татахуйц байдлаар нэмэгдэж байна. Эндээс хохирч буй иргэдийн хохирол мөнгөн дүнгээр болон тоон дүнгээр эрс нэмэгдэж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд залилангийн гэмт хэрэг 14,050 бүртгэгдсэнээс цахим орчинд бүртгэгдэж байгаа нь 97 хувь болсон байна. 2018 онд манай улсад 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 641, 2020 онд 1281, 2021 онд 3865, 2022 онд 7708 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилийн хугацаанд цахим залилангийн гэмт хэрэг 15 дахин нэмэгдсэн байна. Тиймээс цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээж байна.
Арав хоногийн өмнө Цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтөөр хоёр газар шинээр байгуулсан.
Нэгдүгээрт, кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв. Хоёрдугаарт, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэлтсийг газар болгон өргөтгөн зохион байгуулсан. Бид өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх байдлаар энэ төрлийн гэмт хэргийг дйилэхээргүй байна" гэв.
Д.Батчулуун