Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр “Монгол Улсын сайд, түгжрэл хариуцсан үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханыг нэрлэж байна.
Өнгөрсөн сарын зургаанд Монгол Улсын сайд, түгжрэл хариуцсан үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрсайханыг томилсныг уншигч та мэдэх биз ээ. Тэрбээр 2016 оноос парламентад морилсон нэгэн. Төдөлгүй 2020 онд оффшорчин гишүүн болох нь нотлогдсон байдаг. Тухайлбал, “Болдтөмөр Ерөө гол" компанийн эзэмшлийн 84 хувь Хятад, 16 хувийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшиж байсан нь ил болж байв. Үүгээрээ Б.Дэлгэрсайхан Монголын баялгийг хил давуулан зарж, төрийн нэрээр хувийн бизнесээ цэцэглүүлж байсан тараа таниулсан юм. Мөн нүүрсний гэх хэрэгт түүний нэр цохиж явсан билээ.
Ийнхүү тэрбээр яамгүй сайдын албан тушаалд томилогдсоноос хойш ажилтайгаа, бүр цаашилбал хотынхоо зам талбай бүртэй танилцаж байна уу гэлтэй анир чимээгүй байсан юм. Гэтэл энэ долоо хоногийн эхээр олон нийтэд мэдээлэл өгөв. Тус мэдээлэлдээ “Авто замын түгжрэлийг бууруулах хуулиа баталж, шинэ автобуснуудаа оруулж ирнэ. Бусад шийдлийн тухайд иргэд автобусанд сууж сурах ёстой. Автобусанд сууж сургах зар сурталчилгаа хийнэ. Автомашинаас нь буулгаж, автобусанд суулгаж сургах хэрэгтэй байна. Нийтийн тээврийн шугамыг өөрчилнө, олон чиглэлийн автобусны давхардлыг болиулна. Нэг буудал дээр олон автобус овооролдож, автобус түгжрэл үүсгээд байна" гэсэн юм.
Түүний хэлж буйгаар иргэд авто зам дээр түгжрэх болсон нь автобусанд суух сургалт сурталчилгааг хийгээгүйтэй л холбоотой болж таарах нь. Хүйтэн өвөл хөлдөх шахам автобус хүлээдэг иргэдийнхээ зовлонг мэдэхгүй л байлтай. Харин тэрбээр энэ долоо хоногийн гурав дахь өдөр олон нийтэд мэдээлэл хийсэн. Тухайн өдөр нийслэлд тэг зогсолт болсон. Түүнийг улс төрийн замнал Түгжрэлийн сайлын албан тушаалаар дуусах нь гэх яриа ч гараад буй. Ер нь түүний ажилдаа хандаж буй хандлагаас харахад Автозамын тэг зогсолт биш албан тушаалын тэг зогсолт болох нь ойртоод байх шиг.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)