УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталсан энэ үед Ардчилсан намын дэд дарга Ш.Жандосын байр суурийг хүргэж байна.
-Ирэх оны төсвийн тухай хуулийг баталчихлаа. Нүсэр төсөв батлагдлаа гэх. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-25.85 их наядын орлого олох, 27.36 их наяд төгрөгийн зарлага гаргах 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай, төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувийг эзлэх 2024 оны төсвийн зарлагын задаргааг нэг бүрчлэн авч үзвэл олон сонирхолтой дүн, халамжийн шинэ нэмэгдлүүд харагдаж байна.
2024 оны төсвийн төсөлд цалин хөлс 1.8 их наяд, НД-ын сангийн тэтгэвэр, тэтгэмж 5.0 их наяд, халамж, хүүхдийн мөнгө 2.4 их наяд, хуулийн нөлөөллөөр нэмэгдсэн зардал 620 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь нийт төсвийн 53.5%-ийг эзэлж байгаа нь халамж хавтгайрсан, өрхийн орлого, бизнесийг үл дэмжсэн төсөв болохыг харуулж байна.
Нэг өгүүлбэрээр дүгнэхэд түүхэнд байгаагүй бодит байдлаас холдсон, хариуцлагагүй, өндөр дүнтэй, сонгуульд зориулсан төсөв батлагдлаа гэж үзэж болно.
-Аливаа нэмэгдлийг дагаад нэг хэсгийнх нь нуруун дээрх ачаа хүндэрдэг. Ирэх оны төсөвт үр дүнгийн тооцоололгүй "хөөрөл"-өөр тоо тавьсан гэж харж байна уу?
2023 оны улсын төсвийн нийт зарлага 22.4 их наяд төгрөг байсан бол 2024 оны төсвийн зарлага 27.36 их наяд төгрөг болж 5 их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт 5 их наяд төгрөгийн 71.3 хувь орчим нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө болон нийгмийн даатгалын багц хууль, боловсролын багц хууль, төрийн албаны тухай хуулийн нөлөөллөөс нэмэгдсэн зардал байна.
Зөвхөн иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд инфляцын түвшинтэй уялдуулж 10% нэмэгдүүлэхээр тусгасан мөнгө нь гэхэд 878 тэрбум төгрөг байна.
Энэхүү 878 тэрбум төгрөгөөр буюу 2024 оны төсөвт цоо шинэ нэмэгдэл бий болгож байна.
Гэхдээ эрх баригчид мөнгөний инфляцыг нэг оронтой тоонд барьж чадах мөнгөний бодлогоо тодорхой тайлбарлаж чадсангүй. Цалин 10 хувиар нэмэгдэхэд мөнгөний ханш 15 хувиар унадаг, өргөн хэрэглээний үнэ 20 хувиар өсдөг байдал сүүлийн 8 жил үргэлжилж байгааг МАН тооцоолохыг хүсэхгүй байна.
-Төсвийн задаргааг харвал гишүүд тойрог, тойрогтоо нүүр бардам суух нь?
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын зардал болох 3.5 их наядын тухайд бол маш их хулгай, хууран мэхлэх үйл ажиллагаа нуугдаж байгааг нэг бүрчлэн тайлбарлахын аргагүй юм. УИХ-ын гишүүн тус бүрийн тойрогт нь 3 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгаж өгч авлигажсан төсөв баталсан тухай ноцтой мэдээлэл сонсогдож байна!
-Нүүрсний экспортод их найдлага тавьж байх шиг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортлох нүүрсний биет хэмжээг 12 сая тонноор нэмэгдүүлж байгааг хэрхэн харж байна вэ?
Төсвийн шинэ тэлэлтийн хүрээнд нэмэгдэж буй 1.8 их наяд төгрөгийг сонгуулийг угтаж буй урамшуулал, эрх баригч намын иргэдийн сэтгэлгээнд нөлөөлж өөрийн намаа дэмжих саналын тоог өсгөх арга хэмжээ юм.
Дээрх нэмэгдлүүд нь нийт 1.1 сая хүнд хүрч буй бөгөөд энэ нь сонгуулийн насны идэвхтэй сонгуульд оролцдог 1.2 сая хүний тоонд дөхөж байна.
Гэхдээ энэ бүх нэмэгдсэн зарлагын эх үүсвэрийг олохын тулд байгалийн баялаг буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортлох нүүрсний биет хэмжээг 12 сая тонноор нэмэгдүүлж иргэдийн ирээдүйд олох орлогоос хулгайлж байгааг иргэн бүр мэдэх эрхтэй гэж үзэж байна.
Сэтгэгдэл (3)